Сэргээгдэх эрчим хүчний салбарт анх удаа өрсөлдөөнт сонгон шалгаруулалт зарлалаа

Admin
2026/05/12

Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар /2026.04.29/ Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах, төвийн бүсийн цахилгаан эрчим хүчний өсөн нэмэгдэж буй хэрэглээг дотоодын сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах, эрчим хүчний системийн тогтвортой ажиллагааг дэмжих зорилгоор “Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах тухай" тогтоол баталсан. Дээрх тогтоолын хүрээнд таван байршилд нарны цахилгаан станц болон батарей хуримтлуурын систем бүхий төслүүдийг хэрэгжүүлнэ.

  • Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур
  • Дундговь аймаг, Сайнцагаан сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур
  • Булган аймаг, Орхон сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур
  • Хэнтий аймаг, Хэрлэн сум 20 МВт нарны станц, 15 МВт / 40 МВт.ц батарей хуримтлуур
  • Өвөрхангай аймаг, Хархорин сум 50 МВт нарны станц, 30 МВт / 100 МВт.ц батарей хуримтлуур барина.

Сэргээгдэх эрчим хүчний энэхүү бүтээн байгуулалтыг өвлийн оргил ачааллаас өмнө буюу энэ оны арван хоёрдугаар сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Бүтээн байгуулалтыг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй бөгөөд үндэсний компаниуд, аж ахуйн нэгжүүдээ дэмжих хүрээнд Засгийн газар анх удаа Сэргээгдэх эрчим хүчний салбарт өрсөлдөөнт сонгон шалгаруулалт /аукцион/ зарласан. Сонгон шалгаруулалтыг нээлттэй, ил тод, цахимаар явуулна. Эрчим хүчний яам аукционы урилгыг вэбсайтдаа байршуулжээ. Бүртгэл нь ирэх сарын 15-нд хаагдана.

Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр /2026.05.12/ Эрчим хүчний яамны холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, Засгийн газрын тогтоолоор өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн явцтай танилцаж, сэргээгдэх эрчим хүчний асар их нөөцтэй улсын хувьд боломжоо ашиглах ёстой. Нарны станцуудыг төлөвлөсөн хугацаанд ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг даалгав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна