Дөрөвдүгээр сард улсын хэмжээнд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өмнөх сараасаа 2.8 хувиар огцом эрчимжсэнээр 2023 оны есдүгээр сараас хойш анх удаа хоёр оронтой тоо руу орлоо.
Жилийн инфляц 10.1 хувьтай гарахад хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнийн өсөлт 19.7 хувьтай байсан нь голлон нөлөөлжээ. Тэр дундаа мах, махан бүтээгдэхүүний бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 36.5 хувиар, үхрийн махны үнэ 42.9 хувиар тус тус өссөн байна. Өнгөрсөн оны зунаас хойш махны үнийн өсөлт инфляцад сар бүр өмнөхөөсөө өндөр нөлөө үзүүлж байгаа юм. Ойрх Дорнодын нөхцөл байдлаас үүдэн АИ-92-оос бусад төрлийн шатахууны үнэ нэмэгдсэн, БНХАУ-ын экспортлогчид зардлын өсөлтийг бүтээгдэхүүнийхээ үнэд шингээж эхэлсэн, махны үнэ өсөлтөө хадгалж буй зэргээс шалтгаалан хэрэглээний үнийн индекс ирэх саруудад улам эрчимжих эрсдэл нэмэгдэж байна.
Монголбанкны сүүлийн жил гаруй хугацаанд хэрэгжүүлж буй хатуу бодлого нь инфляцыг зорилтод түвшний голч руу ойртуулж ирсэн ч ийнхүү гуравдугаар сараас эргэн эрчтэй өсөж 10 хувь даваад байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна