Энэ сарын эхээр Монгол ахимаг насны эрэгтэй Хятад жуулчныг доромжилсон бичлэг гаднын хэвлэлээр гарсан.
Тухайн үйл явдал Тэнгис кино театрын автобусны буудалд болсон ба Монгол ахимаг насны эрэгтэй жуулчнаас Хятад хүн эсэхийг асууж байгаад, шалтгаангүй дайрч, доромжилдог нь бичлэгт харагдана. Тус бичлэг гаднын сайтуудад гарч, олон орны сошиал хэрэглэгчид “Ялгаварлан гадуурхалт хийж буй ахимаг настай эрийг буруутгаж байсан бол буруугүй ч жуулчнаас уучлалт гуйсан хүүд талархаж байв. Энэ мэтчилэн иргэдийн буруу хандлага, арьс өнгө гарал угсаагаар ялгаварлан гадуурхах үзэгдлүүд манай улсын аялал жуулчдын салбарт нүхэн жорлонгоос илүү сөрөг нөлөө үзүүлж байна. Уг нь манай улс аюулгүй, энх тайван байдлаараа Азид 8-рт, дэлхийд 40-р байрд ордог. Гэхдээ тухайн бичлэг дээр гарсанчлан биед нь халдалгүй жуулчдыг ялгаварлах сөрөг хандлага, үл ойлголцлын хэрэг ихэвчлэн цагдаад бүртгэгддэггүй учир жуулчдын хувьд Манай улс хэр их аюултай талаар бодит тоо баримт гаргах боломжгүй байдаг байна. Тухайн улсад аялсан жуулчдын бодит сэтгэгдэлд үндэслэн хүмүүс зорих газраа сонгодог болсон энэ үед таагүй мэдээ мэдээлэл энэ салбарт хамгийн их сөрөг нөлөө үзүүлэх хандлагатай байна. Сүүлийн жилүүдэд Монголд аялж байсан жуулчид бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаар мэдээлэл шил дараалан гарсаар байна. Тухайлбал, Хоёр жилийн өмнө Сэлэнгэ аймагт аялж явсан Хятад эмэгтэй хүчиндүүлж, гар утас, 5000 юаниа дээрэмдүүлсэн гэх мэдээлэл гарч олон орны цахим хэрэглэгчдийн анхаарлыг татаж байв. Мөн л 2023 онд Монголд аялахаар ирсэн хоёр Франц эмэгтэйг "BTT Nature Travel agency компанийн менежер н.Ерөөлт мансууруулж, хүчирхийлсэн байж” болзошгүй хэрэг гарсан юм. Эдгээр жуулчид бүгд өөрсдийн цахим хуудаснаа хүчирхийлэлд өртсөн талаар мэдээлж байсан бөгөөд тухайн улсын цахим хэрэглэгчдийн дунд эдгээр ноцтой мэдээллүүд эрчимтэй тархаж байв.
Харин аялагчдад зориулж мэдээ мэдээлэл нийтэлдэг гаднын сайтууд, агентлагууд Монгол улсын талаар ингэж бичжээ. АНУ-ын Төрийн департамент болон хувийн хэвшлийн аюулгүй байдлын хамтын ажиллагааны OSAC байгууллага
“Монголд гудамжинд зарим нэг хэт үндсэрхэг үзэлтэй хүмүүсээс болж жуулчдыг ялгаварлан гадуурхах үзэл гарах хандлага түгээмэл байдаг. Ялангуяа нутгийн эмэгтэйтэй гаднын жуулчид хамт явбал Монгол эрчүүд уурлаж, хэл амаар доромжлох цаашлаад биед нь халдах асуудал гардаг” гэж дурджээ. Мөн “Travel.gc”, “Country reports” гэх аяллын мэдээллийг тогтмол нийтэлдэг сайтууд “Монголд очих гэж байгаа жуулчид шөнийн цагаар ганцаараа том хотуудаар явахгүй байхыг анхааруулъя. Учир нь жуулчдад халддаг дээрмийн бүлэг этгээдүүд онгоцны буудал, төв талбайд олон байдаг. Өмнө нь Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд цагдаагийн ажилтан мэт дүр эсгэсэн хүмүүс жуулчдыг дээрэмдсэн хэрэг гарч байсан” гэж бичжээ. Эдгээр сайтуудаас жуулчид тогтмол зорьсон улсынхаа талаар мэдээллийг интернэтээр авч, аяллын маршрутаа өөрчилж байдаг. Мэдээллүүдийн үр нөлөөг тоолгүй өнгөрч болохгүй юм.
Эцэст нь хэлэхэд жуулчид онгоцноос буусан цагаас эхэлж таксины жолооч, цайны газар, үндэсний үйлдвэрлэгчид гээд бүхий л салбарынхантай эдийн засгийн харилцаанд орж, гадаад валютыг урсгалыг нээж өгч, очсон улсынхаа талаар үнэгүй сурталчилдаг чухал ач холбогдолтой. Иймд жуулчид манай улсад хэр их давтамжтай ирэх нь иргэд, аж ахуйн нэгжийн хандлага төрийн бодлогоос дутуугүй их үүрэг гүйцэтгэдэг тул хөгжлөөс ухарсан хэт үндсэрхэг үзлийг хүн бүр халах шаардлагатай байна.
https://www.facebook.com/share...
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна