Х.Тэмүүжин: Манай нам дотор хүн дагасан, механик жагсаалын уралдаан болоод байна

Admin
2026/05/06

Намын дарга О.Цогтгэрэлд бүлгийн даргын үүрэгт ажлыг хавсарч хийж байгаа чинь зохимжгүй байгаа учраас энэ асуудлаа шийдээч гэж шаардлага гаргаж байсан гишүүд бүлгийн даргын асуудал шийдэгдэх хүртэл давхар хийж байя гэдэг байр суурьтай болсон. Сөрөг хүчний лидер өөрөө нэг толгойтой байх гэдэг дээрээ анхаарах ёстой. Хэрвээ хоёр толгойтой болчихвол сөрөг хүчний ажил цалгардах эрсдэлтэй. Анхнаасаа бидний байр суурь намын дарга бүлгийн дарга хийж байгаа нь буруу биш юм байна гэж харсан л даа.

АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тухайд ямар нэг байр суурь алга байна. Хувь хүний нэр зааж илэрхийлэх сонирхол алга байна.

Түүх яривал, манай нам хоёр тамгатай болоод хоёр талдаа гарч, эрх баригчдын гар хөл болж нам гэж хэлэхэд хэцүү байлаа шүү дээ. Тухайн үеийн 70-аад оныхон ачааны хүнд бидэн дээр ирж байна. Иймээс нам дотроо нэгдмэл байр суурьтай байх ёстой юм байна. Ирэх сонгууль хүртэл АН зоригтой, хүчтэй байхын тулд дотоод ойлголцлоо нэг талд гаргах ёстой юм байна гэж ярьсан. 70-аад оныхон нам дотроо ч, улс төрдөө ч гол шийдвэр гаргагч байх хэрэгтэй юм байна. Шавар зуурагч буюу техникийн хар ажил дээр 80-аад оныхноор хийлгэвэл дараа үеэ бэлдчихсэн том улс төрийн хүчин болох боломжтой юм байна гэж шийдсэн. Өмнөх ахмад үеийнхэн дараа үеэ үл ойшоосон байдалтай бодлого хэрэгжүүлж байсан алдааг давтаж болохгүй гэдэг яриа болсон. 2024 оны сонгуулийн өмнө ч гэсэн ийм яриа дахиад хийсэн. 80-аад оноосоо лидерүүд төрүүлэх ёстой, хувь хүн дагасан хуваагдал биш үзэл санааны суурь руугаа чиглүүлж авч явдаг тийм нам болох ёстой гэж ярьсан юм. Улс төрийн нам хийж байгаа нам хүнээр баримжаалж асуудлаа шийддэг байж болохгүй. Би энэ үед яригдсан яриан дээрээ зогсож байгаа. Өмнөх үе маань шийдвэр гаргах хэмжээнд ирсэн байгаа 70-аад оныхонд зөвлөх ёстой, ард ажиллаж байгаа 80-аад оныхондоо эрх мэдэл өгөх ёстой.

-АН эв нэгдэлтэй байх ёстой гэдгийг тал бүрд л ярьж байна. АН гэтэл үнэхээр эв нэгдэлтэй байна уу. МАН танай намын асуудалд ороод байна гээд нам дотроос илэрхийлж байгаа шүү дээ?

-Байр суурь тэгэж илэрхийлэгдэхийг үгүйсгэхгүй. Манай нам дотор хүн дагасан, механик жагсаалын уралдаан болоод байна. Хэний ард хэдэн хүн байна гэх зэргээр хүн дагаж хуваагдах нь намыг сүйтгэдэг. Хуваагдлыг илүү гүнзгий болгодог. Энэ бол нам өөрөө тавьдаггүй гаднаас урсгадаг зүйл. Тиймээс бусдын урсгаж байгаа голын хоёр эрэг дээр зогсохгүй байх ёстой. Тиймээс нам доторх үнэт зүйл, үзэл санаагаа ярилцсангүй. Ярианы амт оруулдаг мөн чанар нь байхгүй учраас хэний ард хэдэн хүн байгаа юм гэдэг асуудал яриад л таарна. Ийм байвал энэ бол улс төрийн нам биш арми.

-Процессоо харвал, намын дарга ЕНБД-ыг оруулж ирэх дүрэмтэй юу. Эсвэл заалнаас мөн нэр дэвшүүлж болох уу?

-Улс төрийн намын тухай хуульд нийцүүлж УДШ-д бүртгүүлсэн дүрэмд зааснаар бол зөвхөн намын дарга оруулж ирнэ гэж заасан учраас энэ дүрмээс хальж чадахгүй байх.

-С.Баярцогтыг генсект дэмжихгүй танай намын гишүүд байна шүү дээ?

-Энэ асуудлыг тэр хүмүүсээс нь асуух нь зөв байх. Би бол хэн нэгний нэр зааж хувийн байр суурь илэрхийлмээргүй байна. АН-ын үзэл санаан дээр нэгдэж, хар ажлыг нь хийж чадах л хүн хэрэгтэй. Фракцын хуваагдлаасаа болоод энэ намыг живүүлчихвэл хичнээн сайн хүн байсан ч энэ намыг живүүлчихнэ шүү дээ. Намын дотоод сонгуулиар огт үнэт зүйл, үзэл санаа яригдаагүй гэдгийг би дахин тодотгоё. Үүнийгээ яриагүй хуваагдал чинь өөрөө механик хуваагдал болоод юунаас болоод зөрчилдөөд байгаагаа ойлгохгүй болчихоод байгаа юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна