Эверест бол дэлхийн хамгийн алдартай болон аюултай авиралтуудын нэг. Ийм ч учраас Эверест рүү авирахад тусалдаг хөтөч нар ажилладаг билээ. Тэгвэл хэсэг уулчидтай холбоотой 20 сая долларын даатгалын луйврын хэрэг гарсан нь олны анхаарлыг татаад байна. Энэ дуулиант хэргийн голд шаардлагагүй тохиолдолд аврах ажиллагаа явуулж, эмнэлгийн хуурамч бичиг баримт үйлдсэн явдал байгаа юм.
Өнгөрсөн долоо хоногт Непалын албаныхан тус хэрэгтэй холбогдуулан арван хүн баривчилжээ. Баривчлагдсан хүмүүс дунд авиралтын компани, аврах үйл ажиллагаа явуулдаг байгууллага, эмнэлгийн ажилчид байсан юм. Тэд олон улсын даатгалын компаниудаас их хэмжээний мөнгө залилахын тулд аврах ажиллагаа болон эмнэлэгт хэвтүүлэх ажлыг хуурамчаар зохион байгуулсан гэж буруутгагджээ.
Үүнээс гадна Эверест руу авирдаг 32 хөтчийг цагдан хорьсон байна. Албан мөрдөн байцаалтынхаа явцад 2022-2025 оны хооронд 4,800 авирагч энэ луйврын хохирогч болсныг тогтоосон юм.
“NBC News” агентлаг Непалын албаны хүмүүсээс эш татан мэдээлснээр, луйварчид авиралтын улмаас бие нь муудсан хүмүүсийг онилдог байжээ. Жишээлбэл зүгээр л өндрийн өвчнөөр хөнгөн өвдсөн хүмүүст биеийн байдал нь маш хүнд байна гэж итгүүлж, өндөр үнэтэй аврах нисдэг тэрэг дуудахыг ятгадаг байсан аж.

Мөн зарим луйварчид бие нь муудсан аялагчдад ус их уух эсвэл сод хэрэглэхийг буруу зөвлөж байжээ. Энэ нь өвчний шинж тэмдгийг улам дордуулдаг байна. Түүнчлэн, ядарсан уулчдыг нисдэг тэргээр Катмандугийн эмнэлэгт хүргэхийн тулд хуурамчаар өвдөхийг ятгасан тохиолдол ч гарчээ.
Энэхүү луйврын хэргийг анх 2018 онд “Kathmandu Post” сонин илрүүлсэн. Тус сонины нийтлэлийн дараа Непалын засгийн газар арга хэмжээ авчээ. Гэвч Непалын цагдаагийн төв мөрдөн байцаах газар мэдээлснээр, арга хэмжээ авсан ч уг луйвар арилалгүй цар хүрээ нь улам тэлсэн байна.
Бие нь муу байна гэж итгүүлсэн өвчтөн эмнэлэгт хэвтмэгц бодит байдалтай огт нийцэхгүй даатгалын нэхэмжлэлийг гадаадын даатгалын компаниуд руу луйварчид илгээдэг байв. Энэ ажилдаа тэд эмнэлгийн дотоод ажилчид болон бусад хамсаатнуудыг оролцуулдаг байсан юм. Нэгэн тохиолдолд эмнэлгийн ажилтан хуурамч нэхэмжлэлийг баталгаажуулахын тулд жилийн өмнө авхуулсан өөрийнхөө рентген зургийг ашигласан тухай "Kathmandu Post" мэдээлсэн байна.
Тус сонинд бичсэнээр, өөр нэг тохиолдолд дөрвөн гадаад уулчныг нэг нислэгээр зэрэг тээвэрлэсэн ч даатгалын компанид дөрвөн тусдаа аврах ажиллагаа явуулсан мэт нэхэмжлэл явуулжээ. Тус нэхэмжлэлийн дагуу даатгалын компани аврах ажиллагаанд 31 мянган ам.доллар, эмнэлгийн төлбөр нь 12 мянган доллар төлсөн байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна