Швейцарын Бернийн Их сургуулийн номын санд хадгалагдаж байсан Монголын түүх, соёлын үнэт өвд хамаарах эртний ховор хоёр бичвэрийг Монгол Улсад буцаан шилжүүлэх ёслол энэ оны гуравдугаар сарын 31-нд Монгол Улсаас Швейцарын Холбооны Улсад суугаа Элчин сайдын яаманд боллоо.
Тухайн үнэт бичвэрийг буцаахад Бернийн Их сургуулийн Шашны шинжлэх ухааны хүрээлэнгийн профессор, доктор Каренина Коллмар Пауленц үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд түүний Монгол судлалын чиглэлээр хийсэн олон жилийн судалгаа, шинжилгээ, мөн Бернийн Их сургуулиас холбогдох дүрэм, журмын дагуу гаргасан албан ёсны шийдвэрийн үр дүнд Монголд илгээх боломж бүрджээ.
Эхний бичвэр нь XVII зууны эхэн үеийн гар бичмэл бөгөөд Түвдийн их бясалгагч, яруу найрагч Миларайбын “Зуун мянган дуу” зохиолын монгол орчуулга болно. Энэхүү орчуулгыг Сэрэгэтү гүүш цорж хэмээх нэрт лам Түмэдийн нөлөө бүхий ноён Онбо хунтайжийн захиалгаар хийсэн бөгөөд гар бичмэлийн төгсгөлийн тэмдэглэлд дурдсанаар 1615 он орчимд орчуулагдсан байх магадлалтай. Энэ эх сурвалж нь Монголын бурханы шашин, утга зохиол, орчуулгын түүхийг судлахад чухал ач холбогдолтойд тооцогддог.
Хоёр дахь бичвэр нь 1716 онд Бээжинд уламжлалт модон хэвлэлээр хэвлэгдсэн, монгол бичгээрх Гэсэрийн баатарлаг туульсийн ховор эх юм. Уг хэвлэмэл нь туульсийн 1–3 болон 5–7 дугаар бүлгийг багтаасан бүрэн бус хувилбар боловч Монголын баатарлаг тууль, аман болон бичгийн уламжлалын түүхийг судлахад онцгой үнэ цэнтэй эх сурвалж болно.
Эдгээр хоёр бичвэр нь өмнө нь судлаач Рихард Эрнстийн хувийн цуглуулгад хадгалагдаж байгаад улмаар Бернийн Их сургуулийн номын санд шилжин хадгалагдсан бөгөөд олон жилийн дараа ийнхүү эх орондоо буцаж байна.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна