Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон байж болзошгүй үндэслэлээр Авлигатай тэмцэх газарт (АТГ) шалгуулахаар МАН-ын Бага хурлын гишүүн Б.Цогтгэрэл гомдол гаргалаа. Гомдлын гол агуулга нь ХЗДХЯ-наас "Эм Жи Эл корпораци" ХХК-ийн данс руу шилжүүлсэн нийт 7 тэрбум 965 сая төгрөгийн зарцуулалттай холбоотой юм.
Б.Цогтгэрэл хэлэхдээ "ХЗДХЯ-наас "Эм Жи Эл корпораци" ХХК-ийн данс руу нийт 7 тэрбум 965 сая төгрөгийг гурван удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн бөгөөд энэ явцад төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан, бусадтай үгсэн хуйвалдсан байж болзошгүй байна. Мөн "Эм Жи Эл корпораци"-ийн байранд Б.Энхбаяр сайдтай холбоо бүхий хүмүүс очиж, мөнгө авсан гэх ноцтой асуудлыг шалгуулахаар холбогдох дүрс бичлэг, гэрчийн мэдүүлэг зэрэг материалыг АТГ-т хүлээлгэн өгч байна.
Түүнчлэн уг гүйлгээний мэдээллийг "Шилэн данс"-наас устгаж, шүгэл үлээгчид мэдээлэл гаргаж эхэлмэгц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын (ШШГЕГ) дансан дээр нөхөж байршуулсан нь хууль бус үйлдэл гэж үзэж байна.
Одоогийн байдлаар ХЗДХЯ-наас шүүхийн шийдвэрийн дагуу авлагатай иргэд, аж ахуйн нэгжүүдийн 50 орчим тэрбум төгрөгийн нэхэмжлэл хүлээгдэж байгаа аж. Гэтэл эдгээр олон хохирогчдын эрх ашгийг орхигдуулж, нэг компани руу давуу байдалтайгаар их хэмжээний мөнгө шилжүүлсэн нь татвар төлөгчдийн мөнгийг зүй бусаар зарцуулсан хэрэг хэмээн иргэд эсэргүүцэж байна.
Бид авлигатай тэмцэж, ард түмний цусаараа, хөлсөөрөө бүрдүүлсэн татварын мөнгө хаашаа орж байгааг хянах ёстой. Энэ бол иргэн хүний эр зориг, хариуцлагын асуудал" гэлээ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна