Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан А.Ишдоржид холбогдох хахууль авсан гэх хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж, цагаатгах шийдвэр гаргалаа.
Тэрбээр Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Эрүүл мэндийн төвийн 15 ортой өргөтгөлийн барилгын ажлыг “Бако констракшн” компанид 1 тэрбум 356 сая төгрөгөөр гүйцэтгүүлэх гэрээ байгуулах, санхүүжилт олгох шийдвэрийг Засаг даргын хувиар гаргасан байдаг. Улмаар энэхүү шийдвэрийнхээ хариуд тус компанийн гүйцэтгэх захирал Т.Баатарсүрэнгээс эхнэрийнхээ төрсөн дүү Отгонбаатарын ХААН банкны дансаар дамжуулан 10 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт буруутгагдаж байсан юм.
Нийслэлийн прокурорын газраас А.Ишдоржийг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан хахууль авсан” гэх үндэслэлээр яллагдагчаар татсан. Харин Т.Баатарсүрэнд Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “өөртөө болон бусдад давуу байдал бий болгох зорилгоор албан тушаалтанд мөнгө, эд зүйл өгсөн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдсэн байна.
Хэргийг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, шүүгч Л.Баатар, И.Ганбат нарын бүрэлдэхүүнтэйгээр хянан хэлэлцээд, А.Ишдорж болон Т.Баатарсүрэн нарын үйлдэлд гэмт хэргийн бүрэлдэхүүн тогтоогдохгүй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгав.
Түүнчлэн А.Ишдорж нь Засаг даргаар ажиллаж байх хугацаандаа 2023 оны наймдугаар сарын 10-наас 11-нд шилжих шөнө “Ланд круйзер” маркийн автомашин жолоодож явахдаа 57 настай явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироосон хэрэгт холбогдож байсан. Уг хэргийг Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны зургаадугаар сарын 4-нд хэлэлцэн, түүний жолоо барих эрхийг гурван жилээр хасаж, нэг жилийн хугацаанд тэнсэн харгалзах ял оногдуулсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна