Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяраар ахлуулсан Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг Замын хөдөлгөөний удирдлагын төвд хуралдаж, 2026 онд хэрэгжүүлэх авто зам, явган болон дугуйн замын бүтээн байгуулалтын ажлуудын төлөвлөлт, явцыг хэлэлцжээ.
Хурлын үеэр явган болон дугуйн замын сүлжээг өргөтгөх, скүүтэр зорчих нөхцөлийг зохицуулах, авто зогсоолын менежментийг сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг нэмэх чиглэлийг онцлон хэлэлцсэн байна.
НИТХ-ын дарга А.Баяр “Явган хүний замаас скүүтэрийг бүрэн гаргах бодлого баримталж байна. Үүний хүрээнд авто замын нэгдүгээр эгнээгээр скүүтэр зорчих боломжийг бүрдүүлэх, тэмдэг, тэмдэглэгээг нэмж хийх боломжтой авто замыг судалж, шийдэл боловсруулах шаардлагатай. Тиймээс ирэх долоо хоногт Ажлын хэсгийнхэн иргэд скүүтрээр хаагуур хамгийн их явдаг, тухайн замаар зорчиход тулгардаг саад бэрхшээлтэй биечлэн танилцана. Амьдралд нийцэх шийдвэр гаргахыгзорьж байна” гэлээ.
Энэ жилийн хувьд дүүргүүдээс гаргасан саналд үндэслэн 94.1 км урт явган болон дугуйн зам барихаар төлөвлөжээ. Ингэхдээ Баянзүрхэд 18.2 км, Сүхбаатарт 29.8 км, Чингэлтэйд 12.5 км, Баянголд 15.6 км, Хан-Уулд 13.9 км, Сонгинохайрханд 4.1 км зам тавих ажээ. Мөн авто замын нэгдүгээр эгнээгээр скүүтэр зорчих боломжийг бүрдүүлэх хүрээнд Их тойруу доторх 31 гудамжинд тэмдэг, тэмдэглэгээ хийхээр төлөвлөсөн бөгөөд уг замуудын өргөнийг 80 см-ээс доошгүй байхаар тооцоолсон байна. Одоогоор ийм төрлийн 101.4 км замын боломжит сүлжээгээр иргэд зорчиж байгааг албаныхан дурдлаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна