Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Шүгэл үлээгчийн" тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжив гэж ХЗДХЯ мэдээлэв. ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ хуулийн төслийг танилцуулав.
-Энэ нь анхлагч хуулийн төсөл. Өөрөөр хэлбэл Монголд анх удаа нийгэмд онцгой чухал ач холбогдолтой, нийтийн ашиг сонирхолтой холбоотой, авлига, албан тушаал, төсөл, төсөв, татвартай холбоотой "шүгэл үлээсэн" иргэнээ төрийн хамгаалалтад авна. Тухайн иргэнийг дэмжиж урамшуулна.
Засгийн газар Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ хүрээнд гэмт хэрэгтэй тэмцдэг. Гэмт хэрэгтэй тэмцэхдээ хууль бус үйлдэл, эс үйлдлийг илрүүлэхээс гадна гэмт хэргийн талаар баримт мэдээллийг хууль, хяналтын байгууллагад хүргүүлсэн, иргэн, хуулийн этгээдүүдийг төр хамгаалж чадвал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжтой болно.
Олон улсын байгууллагуудын зүгээс дэлхийн өндөр хөгжилтэй, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй сайн тэмцдэг, энэ төрлийн хэрэг багатай улсуудад "шүгэл үлээгчээ" хамгаалдаг хуультай байна. Бид үүнээс дутах ёсгүй. Монголын нийгэмд хамгийн том аюул нь албан тушаалын, авлигын гэмт хэрэг юм. Тиймээс ХЗДХЯ санаачлан боловсруулсан хуулийн төслийг Засгийн газар өнөөдөр дэмжив.
Төслөө удахгүй өргөн барина. "Шүгэл үлээгчийг" нэг саяас таван тэрбум төгрөг хүртэл төгрөгөөр урамшуулна. Энэ хуулийг батлуулахаар ажиллана. Төсөл 7 бүлэг, 26 зүйлтэй гэв.
Эрүүгийн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай, Зөрчлийн тухай хуулиудад мөн нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна