Сүүлийн үед цахим орчинд “50% хямдралтай хоол”, “зөвхөн өнөөдөр” гэх сурталчилгаа бүхий KFC, Pizza Hut нэртэй пэйжүүд олширч, иргэдийн анхаарлыг татсаар байна. Гэвч энэ нь жирийн нэг маркетинг бус, зохион байгуулалттай цахим залилан болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
Цахим орчинд түгээмэл болж буй “хямдралтай хоол захиалга”-ын зарын цаана бодит хохирол дагуулсан залилангийн хэргүүд үргэлжилсээр он гарснаас хойш нийт 302 иргэн хохирч, нийт хохирлын хэмжээ 1.1 тэрбум төгрөгт хүрчээ.
Тухайлбал 35 настай эмэгтэй КFC-ийн нэр бүхий цахим линкээр нэвтэрч банкны мэдээллээ оруулсны дараа түүний нэр дээрх данснаас бусдын нэр дээрх данс руу 6 удаагийн гүйлгээгээр нийт 46 сая төгрөг шилжүүлэгдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоон шалгаж байна.
Мөн дараагийн тохиолдол нь иргэн “KFC хоол захиалга” гэх линкээр хандан банкны мэдээллээ оруулсны дараа үл мэдэгдэх этгээдүүд түүний хоёр өөр банкны данснаас бусдын нэр дээрх данс руу нийт гурван удаагийн гүйлгээгээр 20,754,000 төгрөг шилжүүлэн авч, залилсан хэрэг бүртгэгдсэн байна. Уг үйлдэл нь нэг банкны мэдээллээ оруулснаар бусад банкны дансанд нэвтрэх боломж олгосон байж болзошгүйг харуулж байна.
KFC-ийн нэр, өнгө төрхийг дуурайлган хийсэн хуурамч пэйжээр дамжуулан “зөвхөн өнөөдрийн хямдрал” гэх зар байршуулж, захиалга авах нэрийдлээр иргэдийг линкээр нэвтрүүлдэг байна.
Улмаар банкны мэдээлэл болон баталгаажуулах код авч, дансанд нэвтрэн мөнгийг нь шилжүүлэн авдаг схем үйлчилж байгаа аж. Иймд иргэд цахим орчинд захиалга хийхдээ эх сурвалжийн үнэн зөвийг нягталж, сэжигтэй линк, хэт хямд саналд болгоомжтой хандахыг мэргэжлийн байгууллагуудаас анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна