Монгол Улсад 2013 онд эхэлсэн ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт өнөөдрийг хүртэл 10 их наяд орчим төгрөг зарцуулжээ. Албан ёсны мэдээллээр уг хөтөлбөрийн хүрээнд 140 мянган өрх орон сууцтай болсон гэх боловч энэ их мөнгө бодлогын жинхэнэ зорилгодоо хүрсэн үү гэдэг асуулт нийгэмд улам хурцаар тавигдаж байна.
Ипотекийн зээлд хамрагдахын тулд иргэд 2–3 жилээр очерлодог. Харин энэ урт дарааллыг “урагшлуулах” далд систем буюу авлигал бий болоод олон жил болжээ. Анх 4 сая төгрөгний авлигалаар очероо урагшлуулдаг байсан бол өнөөдөр энэ дүн 20,000,000₮ төгрөг болтлоо өссөн. Харамсалтай нь үүнийг төрийн өндөр дээд албан тушаалтан, эрх мэдэлтнүүд мэддэг. Үүнийгээ ч хээв нэг хэвлэл мэдээллээр мэдэгдэж байгаа нь гунигтай.
Тодруулбал УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалангийн хэлж буйгаар иргэд очер урагшлуулахын тулд 10–20 сая төгрөгийн авлига өгдөг, бүр тарифтай болсон тухай мэдэгдэв. Бүүр найман удаа ипотекийн зээл авсан иргэн ч байна гэх. Харин анх удаа орон сууцанд орох гэж байгаа, гэр хорооллын иргэд ипотекийн очероо 3 жил хүлээсээр... Уг зээл анх удаагаа орон сууцтай болох иргэдийг дэмжих зорилготой байсан. Гэвч өнөөдөр ипотекийн зээлийг хоёр, гурав биш бүр найман удаа хүртэл авсан иргэн байгаа гэх баримт ил болоод байна.
Өөрөөр хэлбэл ипотекийн зээл нь амьдрах орон сууцнаас илүүтэй хөрөнгө хуримтлуулах, түрээсийн бизнес хийх хэрэгсэл болон хувирчээ. Агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллын иргэдийг орон сууцанд шилжүүлэх нь ипотекийн бодлогын гол зорилго байв.
Гэтэл урьдчилсан судалгаагаар ипотекийн зээлд хамрагдсан 140,000 иргэний ердөө 30,000 орчим нь л гэр хорооллоос орон сууцанд шилжсэн байна.
Өөрөөр хэлбэл 10 их наяд төгрөгийн санхүүжилтийн дийлэнх нь яндан бууруулахад бус, аль хэдийнэ орон сууцтай, эсвэл санхүүгийн боломжтой хэсэгт очжээ.Үүнээс банкны шалгуур хэнд үйлчлэв гэсэн асуулт гарч ирж байна. Харамсалтай нь ипотекийн зээлийн шалгуурт гэр хорооллын ихэнхи иргэд тэнцэхгүйгээс болж хасагддаг. Харин эсрэгээрээ, банкны шалгуурыг давж чаддаг цөөн хэсэг зээл авч улмаар танил тал, авилга, албан тушаалаа ашиглан давтан авсаар иржээ.
Эцсийн дүнд
Одоо ипотекийн зээлийн энэ алдаатай систем, ил тод авилгыг таслан зогсоохгүй бол 10 их наядын алдаа 20 их наяд болж үргэлжлэх эрсдэл бий билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна