Шатахуун нөөцлөх сав барих нэг их наяд 60 тэрбум төгрөгийг ААН-үүдэд зээлээр олгоно

Admin
2025/11/26

Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанаар Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг яаралтай хэлэлцэхийг дэмжжээ. Иймд хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг Эдийн засгийн байнгын хороонд өчигдөр хийв. 

Төсөл санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулсан.

Г.Дамдинням сайд “Ирэх жил 100 сая тонн нүүрс экспортолно. Шатахууны хэрэглээ 20 орчим хувиар өснө. Ойрын таван жилдээ манай нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ хоёр дахин өснө. Тиймээс бид урьдчилж нөөцийн сав бэлтгэн, нөөц бүрдүүлэх, дэд бүтцээ бий болгоно. Аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийг олгоно” гэв. 

Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд төслийг үзэл баримтлалын хүрээнд дэмжиж байгаа гээд, шатахууны нөөц сав барих эргэлтийн хөрөнгө санхүүжүүлэхэд нийтдээ 1 их наяд 60 тэрбум төгрөг шаардлагатай, Төв банктай төслийн хүрээн дэх зохицуулалтын талаар зөвшилцсөн эсэхийг тодруулсан. 

Хуулийн төслөөр Монголбанк стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжиж, газрын тосны бүтээгдэхүүн импортолдог аж ахуйн нэгжид эргэлтийн хөрөнгийн хөнгөлөлттэй санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр банканд олгох; газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор агуулах, шилжүүлэн ачих байгууламж, дэд бүтцийг шинээр барих, өргөтгөхөд шаардагдах санхүүжилтийг репо арилжааны нөхцөлөөр олгох, эсхүл гадаад эх үүсвэрээр санхүүжүүлэх арга хэмжээг авах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэв. 

Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа хүүгийн нэгдсэн бодлоготой нийцнэ гэлээ. Засгийн газар, Монголбанканд ямар нэг өр үүсэхгүй гэдгийг Г.Дамдинням сайд тайлбарласан. 

Р.Сэддорж дарга орон нутаг дахь нефтийн бүтээгдэхүүний хангамж, хүртээмжийн нөхцөл байдлын талаар тодруулав. Орон нутаг дахь хангамж, хүртээмжийг бүрэн хянаж байгааг ажлын хэсгээс мэдээлээд “Өчигдрийн байдлаар 40 орчим суманд АИ92 авто бензин хязгаарлалттай олгож байгааг сайжруулахаар ажиллаж байна. Ойрын хугацаанд буюу долоо хоногтоо шийдэх боломжтой. Гэхдээ түгээлт тасралтгүй үргэлжилдэг болохоор нэг газар хүргэж байхад нөгөө газар дуусдаг” гэв.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна