Монгол Улсын хэмжээнд хийгдсэн судалгаагаар зуун мянган хүн тутамд 28.1 хүн амиа хорлодог гэсэн судалгаа гарчээ. Тухайлбал, амиа хорлосон хүмүүсийн 84 хувь нь эрчүүд, 47 хувь нь ажилгүйчүүд байдаг аж. Мөн амиа хорлолтын түвшнээр дэлхийн дунджаас хоёр дахин их, Ази Номхон далайн баруун бүсийн түвшинтэй харьцуулахад мөн л хоёрт эрэмбэлэгджээ. Түүнчлэн, насны бүлэг болон шалтгаанаар авч үзвэл ялангуяа өсвөр үе, залуучуудын дунд амиа хорлолт тэргүүлж байгаа төдийгүй тэдгээрийн дийлэнх нь эрэгтэйчүүд байна. Монгол Улсын хувьд 2023 оны эрүүл мэндийн статистикт амиа хорлолтын түвшин 100 мянган хүн амд 14.7 байгаа нь ноцтой үзүүлэлт юм. Насны бүлгээр авч үзвэл, 20–24 насныхны нас баралтын 27.4 хувь, 25–29 насныхны 20.6 хувь, 15–19 насныхны 23.6 хувь нь амиа хорлолтоос шалтгаалсан бөгөөд энэ нь ойролцоогоор тухайн насны дөрвөн хүн тутмын нэг нь ийм шалтгаанаар амиа алдсан гэсэн үг юм.
Сүүлийн дөрвөн жилд нийтдээ 132 хүүхэд амиа хорлох оролдлого хийснээс 19.7 хувь нь Хөвсгөл, 14.4 хувь нь Увс, 10.6 хувь нь Төв аймаг болон Улаанбаатар хотод ногдож байна.
Энэ талаар СЭМҮТ-ийн Сэтгэц-нийгмийн эрүүл мэнд хариуцсан дэд захирал Алтанзул хэлэхдээ "хүүхэд залуус өсвөр үеийнхэн амиа хорлолтод өртөж буй энэ үзүүлэлт нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал нэлээн хүнд болсон, сэтгэцийн асуудлын маш олон үе шатуудыг даван туулж, амиа хорлож нас барах эцсийн сонголтыг хийж байгаа гэсэн үг. Үүний цаана гэр бүлийн хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт, дарамт, залуусын хувьд ажилгүйдэл ядуурал, амьдралын олон асуудал хөндөгдөж байна. Иймд цогцоор нь шийдэхгүй бол залуу үеийнхэн, бидний ирээдүй болсон хойч үеэ алдсаар байна. Тиймээс холбогдох бүх байгууллага, яамдын төлөөлөл, шийдвэр гаргах түвшинд амиа хорлолтод онцгой анхаарах хэрэгтэйг ойлгуулж, үүний эсрэг хамтдаа урьдчилан сэргийлэх хүрээнд ажиллаж байна" гэлээ.
Эмч, сэтгэл зүйчдийн тайлбарласнаар амиа хорлолт нь 15-34 насны залуучуудын нас баралтын гол шалтгаан болж байна. Мөн амиа хорлолтоос сэргийлэх үндэсний арга хэмжээний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлснээр 2026-2030 он хүртэл 100 мянган хүн амд ногдох амиа хорлолтын түвшинг 10 хувиар бууруулах том зорилго тавин ажиллаж байгааг албаныхан онцоллоо.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна