Орон сууцны үнэ 15.4 хувиар өсжээ

Admin
2025/03/13

Үндэсний статистикийн хороо энэ оны хоёрдугаар сард орон сууцны үнэ өмнөх оныхоос 12.7 хувиар өссөнийг өчигдөр /2025.03.12/ зарлалаа. Тодруулбал, шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.4 хувиар, өмнөх сараас 1.4 хувиар тус, тус өсчээ.

Ингэхдээ шинэ орон сууцны 1 м2 талбайн дундаж үнэ 4.4 сая төгрөг бол Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.61 сая төгрөгийн үнэтэй байгаа аж.

Хуучин орон сууцны үнэ ч мөн өссөн бөгөөд шинэ орон сууцны үнэтэй дүйх болсон нь анхаарал татаж буй юм. Тодруулбал, хуучин орон сууцны үнэ 1 м2 нь дунджаар 4.5 сая төгрөг бол Сүхбаатар дүүрэгт 5.67 сая төгрөг болсон нь шинэ орон сууцны үнээс ч давсан үзүүлэлт болоод байна.

Монгол Улс 996 мянган өрхтэй ч 71 хувь нь буюу гуравны хоёр нь орон сууцгүй байна гэсэн судалгааг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас гаргасан.

Мөн 2023 оны байдлаар орон сууцгүй, сарын орлого нь тодорхойгүй, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй 333 мянган өрх бий.

Сарын орлого нь 460 мянгаас 660 мянган төгрөг дотор эргэлдэж буй 300 мянган өрх байгаа судалгааг ч дээрх яамнаас гаргасан билээ. Үндсэндээ хамтарсан Засгийн газрын хувьд бага дунд орлоготой иргэдээ хэрхэн орон сууцанд хамруулж, агаар, хөрсний бохирдлоо шийдэх вэ гэдэг асуудал хоолойд тулсан ажлынх нь нэг болсон.

Залуу гэр бүлийн тулгамдсан асуудал нь мөн л байр. Гэвч орон сууцны үнэ сар тутамд өссөөр байгаа нь урьдчилгаа 30 хувийг бүрдүүлэхэд ч амаргүй болгосон. Учир нь, 1 м2 нь 4.4 сая төгрөгийн үнэтэй 50 м2 байр худалдаж авах болоход урьдчилгаанд 66 сая төгрөг төлөх шаардлагатай. Иймээс нэг хэсэг нь байрны урьдчилгаа хийхийн тулд гадаадыг ч зорьдог. Харамсалтай нь, үнийн өсөлтөөс шалтгаалж, байр шинэ, хуучнаасаа үл хамаарч үнэ нь өссөөр тансаг зэрэглэлийн орон сууцны үнэтэй дүйж мэдэхээр болов.

Энэ тохиолдолд Засгийн газрын бүрэн эрхийнхээ хугацаанд 150 мянган айлын орон сууц барьж ашиглалтад оруулах тухай зорилт хэрэгжих боломжгүйд хүрнэ.

Баригдлаа ч тэнгэрт тулсан үнэтэй байрыг худалдан авах хүн нь хэд байх бол. Лав л зорилтот бүлгийнхэн буюу бага дунд орлоготой иргэдэд хүртээлгүй хөтөлбөр болж хувирна. Иймээс Засгийн газар зорилтот бүлгийнхнийг орон сууцжуулах хөтөлбөрөө тодорхой болгохгүй бол үнийн өсөлтийг дааж, байртай болох хүн ховор л болж байна.

Төв банкны ерөнхийлөгчийн мэдээллээр ипотекийн зээлийн хүү хамгийн ихдээ 14 хувь байх журам гаргахаар арилжааны банкуудаас санал авч буй. Тодруулбал, тухайн иргэний ипотекийн зээлээр авах орон сууц нь хаана байрлаж байгаа, мөн талбайн хэмжээ зэргээс шалтгаалж хүү нь 6-14 хувь хүртэл байхаар тооцож журмыг боловсруулсан.

Жишээ татвал, Улаанбаатар хотын төв хэсэгт байрлах байранд өндөр хүүтэй ипотекийн зээл олгох бол нийслэлийн зах хэсэг болон  хөдөө орон нутаг руу алслагдах тусмаа ипотекийн хүү буурч 6 хувь болно.

Мөн анх удаа ипотекийн зээлд хамрагдах иргэдэд энэхүү боломжийг олгох бодлого барихаа мэдэгдэх болсон. Гэвч олон нийтийн хувьд байрны үнэ өндөр байвал хэчнээн журам батлаад зорилтот бүлгийнхнийг орон сууцжуулж чадахгүйг сануулсаар байгаа юм. Нөгөө талдаа зорилтот бүлгийнхнийг орон сууцжуулж чадахгүй бол Улаанбаатар хот агаар, хөрсний бохирдлоосоо ч салж чадахгүй гэсэн үг.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна