Хүний их эмч Пандааны Батчулуун хоёр шатны шүүхээс гэм буруутайд тооцогдож, 2,6 жилийн хорих ял сонсож цагдан хоригдоод байсан билээ. Харин дээрх шүүхийн шийдвэр ямар ч хуулийн үндэслэлгүй гэх шалтгаанаар Улсын дээд шүүхийн хуралдаанаар хэлэлцэхдээ П.Батчулуун эмчийг цагаатгаж шийдвэрлэсэн байдаг.
Тэрхүү шийдвэр гарч байх үед П.Батчулуун эмч Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байсан юм. Түүнээс хойш биеийн байдал тааруухан нийтдээ зургаан сарын хугацаанд эмчилгээ хийлгэсэн байна. Өнгөрсөн хугацаанд юу болж өнгөрсөн талаар ярилцахаар очиход "хар бараан" зүйл ярихгүй гэдгээ учирласан юм. Мөн өнгөрсөн хугацаанд дэмжиж байсан бүх хүнд талархлаа илэрхийлмээр байгаагаа хэлсэн билээ.
-Өнгөрсөн хугацаанд таныг эрүүл мэндийн салбар болон нийгмээрээ дэмжиж байлаа. Тэдгээр хүмүүст та одоо гэж хэлмээр байна?
-За яахав. Үйл ажиллагааны явцад намайг тэнд байж байх хооронд манай салбарынхан тэр дундаа мэргэжил нэгт нөхдүүд, манай элэг болон бөөр шилжүүлэн суулгах багийнхан эс, эд шилжүүлэн суулгах багууд, профессор Б.Сэргэлэн, н.Нямжав, н.Жамбалжав, н.Баян-Өндөр, н.Бат-Ирээдүй зэрэг маш олон хүн дэмжсэн. ХСҮТ-ийн эмч нар, манай салбарын лидерүүд, УИХ-ын гишүүн Б.Чинбүрэн, УИХ-ын Хүний Эрхийн хороон дарга Д.Эрдэнэболд гээд л олон хүн тусалсан. Би бүгдийнх нь нэрийг хэлж амжихгүй. Нэрийг нь хэлээгүй хүмүүс намайг уучлаарай.
Нэгдүгээрт, салбарынхандаа маш их баярладаг. Хоёрдугаарт, Монголын ард түмэн сошиал ертөнц болон бусад бүх төрлийн харилцаа холбоогоор намайг дэмжиж байсан юм билээ. Ард түмэндээ, элэг нэгт Монголчууддаа, гадаадад байгаа Монголчууддаа маш их баярласан. Үнэхээр тэд нар маань гадаадаас болон дотоодоос олон санал өгч байсан юм билээ. Сошиал ертөнцөөр болон сонин, хэвлэлээр намайг дурсаж, тусалж байсанд их баярладаг. Мөн миний сайхан багш нар намайг дэмжиж байлаа. Хөдөлмөрийн баатар н.Нямхүү багш маань намайг байнга дэмжиж, тусалж байсан. Энэ хүмүүстээ би хязгааргүй их баярлаж байгаа. Баярласан талархсанаа үгээр хэлэхийн аргагүй. Тэр дундаа манай Монголын мэс засалч эмч нарын холбоо тусалсан. Бүх мэс засалч эмч нар миний төлөө дуу хоолойгоо нэгтгэж, маш их дэмжсэн. Бүх эмч нар намайг дэмжсэн. Түүнээс гадна миний сайхан найзууд зовж, жаргах бүхий л үед надтай цуг явдаг миний найзууд дэмжсэн. Би сайхан найзуудтай гэдгээ мэдсэн, мэддэгч байсан. Тэд нар маань их дэмжсэн. Миний гэр бүлд тусалсан, миний үр хүүхдүүдэд тусалсан.
Мэдээж өөрийнхөө ханьдаа, үр хүүхдүүддээ, төрсөн ах дүүс нартаа болон төрөл төрөлхсөддөө дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна.
-Дээд шатны шүүхийн шийдвэр хаашаа ч эргэж болзошгүй байсан. Тэр үед Улсын дээд шатны шүүхийн гадна лоозон бариад маш олуулаа зогсож байсан?
-Би тэрийг ч дараа нь л мэдсэн л дээ. Тухайн үед гадна сошиал орчинтой харилцаа байхгүй. Дараа нь лоозон бариад зогсож байсан зурагнуудыг харсан. Тэнд таньдаг, мэддэг маш олон хүмүүс ирсэн байсан. Гэхдээ би нэг л юманд итгэлтэй байсан. Би буруу юм хийгээгүй. Надад буруу байхгүй. Монгол улс шүүх, хууль тогтоох байгууллагатай, Ардчилсан улс учраас миний эхний хоёр шатны шүүхийн шийдвэрийг дүгнэж үзээд цагаатна гэдэгт би ерөөсөө эргэлзээгүй. Гэхдээ Улсын дээд шатны шүүхийн шийдвэр гарлаа гээд Улсын гуравдугаар эмнэлгийн эмч нар болон ХӨСҮТ-ийн эмч нар орж ирээд надад баяр хүргэхэд би баярлаж л байсан л даа. Баярлалгүй л яахав дээ. Дөрвөн сар гарантай хориотой байсан хүн чинь эрх чөлөөтэй болж байна гэхээр өөрийн эрхгүй л баярлаж байсан.
-Ер нь багагүй хугацаанд болж өрнөсөн зүйлийн эхлэл юунаас болсон гэж та одоо боддог вэ?
-Эхлэл төгсгөлийг ард түмэн мэдэж байгаа. Би байн байн нуршаад яахав дээ л гэж бодож байна?
-Асу.мн сайт эрэн сурвалжлах нэвтрүүлэг бэлгтэж байхад эрхтэн шилжүүлэн суулгах төв агентдаг болж, томоохон бүтээн байгуулалт өрнөх байсан нь зогссон асуудал яригдаж байсан?
-Хүмүүс хоёр зүйлийг салгаж ойлгох хэрэгтэй. Улсын нэгдүгээр төв эмнэлгийн хашаанд баригдаж байгаа эрхтэн эд шилжүүлэн суулгах ажил явагдаж байгаа. Энэ бол Улсын төв эмнэлгийн өргөтгөл буюу мэс заслаа хийдэг, эмчилгээ үйлчилгээгээ явуулдаг төв юм. Энэ бол эмчилгээ, үйлчилгээний төв. Дараагийн нэг асуудал нь Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуульд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах албыг Үндэсний төв юм уу эсвэл агентлаг болгох асуудал явж байгаа. Энэ хоёр тусдаа асуудал.
Тэгэхээр манай энэ албыг дээрх хуулинд Үндэсний төв юм уу агентлаг болгоё гэж байгаа. Яагаад вэ? гэхээр өнөөдөр Монгол улсад Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах төвийн тоо олширсон. Нэн ялангуяа Эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагааг хийж байгаа зургаан төв байна. Үүнд: Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ХСҮТ, Хоёрдугаар эмнэлэг, Улсын гуравдугаар төв эмнэлэгт удахгүй зүрх шилжүүлэн суулгах ажил хийж эхлэх гэж байна. Цэргийн төв эмнэлэг дээр бөөр шилжүүлэн суулгаж байна. Эх хүүхдийн төв эмнэлэг дээр элэг, бөөр шилжүүлэн суулгаж байна.
Энэ Монгол Улсын лавлагаа, төвүүд дээр Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгаад эхлэхээр энэ үйл ажиллагаануудыг зохицуулдаг Үндэсний хэмжээний агентлаг юм уу төв байхгүй бол болохгүй болохоор хуулийн төсөлд ороод явж байгаа. Тэгэхээр эмчилгээ хийдэг төв нь тусдаа зохицуулалтын төв нь тусдаа юм байгаа шүү. Хоёр өөр зүйл.
-Эхэндээ багагүй хар бараан талдаа байсан асуудал сүүл рүүгээ ойлголт нэгтгэгдээд нийтээрээ Эрүүл мэндийн салбарын талаарх ойлголт байхгүй байсан байна гээд энэ асуудалд нийгмээрээ анхаарч байсан л даа. Та тэр үед мэдээллээс хол байсан гэж байна. Гэхдээ болоод өнгөрсөн энэ асуудал Эрүүл мэндийн салбарт ямар нөлөө үзүүлсэн гэж та харж байна?
-Яахав миний хувьд манай Эрүүл мэндийн салбарт хүнд хэцүү цаг үе байсан л даа.
Гэхдээ юм болгон өөрийн гэсэн сайн талтай муу талтай байдаг. Ард түмэн маань сошиал ертөнцөөр энэ Эрхтэн, эд шилжүүлэн суулгах төвийн талаарх мэдээлэл авахдаа бодит байдал дээр юу болоод байгааг мэдсэн учраас эцэстээ Эрүүл мэндийн салбарын бид хэдэн нөхдийн хэлж ярих гээд байсан олон асуудлыг ард түмэн ойлголоо л гэж харж байна.
-Одоо та цаашид яах бодолтой байна вэ?
-Одоо яахав бие маань эмч нарынхаа ач тусаар гайгүй сайжирсан. Би нийтдээ зургаан сар гаран эмчилгээ хийлгэлээ. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл намрын чуулганаар хэлэлцэх гээд УИХ-д өргөн баригдчихсан. Манай ЭМЯ-наас Б.Чинбүрэн сайд маань энэ хуулийг өргөн барьчихсан. Одоо УИХ-ийн гишүүн Б.Баярбаатар хэлэлцүүлэх гээд ажлын хэсэг байгуулаад ажиллаад явж байна. Ямар ч байсан хууль эрх зүйн орчноо төгөлдөржүүлье. Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах ажлын багийн эмч нарынхаа хууль эрх зүйн асуудлыг жаахан хөндөж тавиад, оруулаад явна гэсэн бодолтой байна. Ямар ч байсан Эрүүгийн хэргээр энэ асуудлыг шийддэг биш байлгах ёстой. Дэлхийд Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах ажлын талаарх ойлголтуудаас болоод янз янзын асуудал үүсч байсан болов чиг хэзээ ч Эрүүгийн хэргээр шийтгэж байсан тохиолдол байхгүй юм билээ. Тйимээс энэ үйл хэрэгт оролцож байгаа эмч, эмнэлгийн ажилчдаа хамгаалахын тулд зарим заалтуудад өөрчлөлт оруулах талаар бид хуулийнхаа төсөлд тусгаад явж байна.
Сэтгэгдэл (1)