Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл сэтгүүлчдэд зориулж уриалга гаргалаа. Тодруулбал Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл ийнхүү бичжээ.
МСНЭ: "Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, редакц, сэтгүүлчийн мэргэжлийн байдал, мэргэжилдээ хандах хандлага, мэргэжлийн ёс зүй нь хараат бус чөлөөт хэвлэл мэдээлэл хэмээх институцийг тодорхойлох төдийгүй нийгмийн сэтгэл зүй, иргэдийн эрүүл саруул сэтгэх, эвлэлдэн нэгдэх, ойлголцох, хамтын ухаалаг шийдвэр гаргах зэрэг үйл явц, үнэт зүйлд үр дагавар, нөлөөлөл үзүүлдэг хариуцлагатай институц юм.
Сүүлийн өдрүүдэд өрнөж буй улс төр, нийгмийн үйл явдал дунд зарим сэтгүүлчид хөндлөнгийн байх байр сууриа алдан өөрөө оролцогч болж, үүгээрээ бусдын улс төрийн ашиг хонжооны золиос болох эрсдэл ажиглагдаж буйд харамсаж байна.
Монголын ардчиллын индекс, хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлт жил тутам уруудаж, хэвлэл мэдээлэлд итгэх олон нийтийн итгэл суларч байгаад бурууг дан гадны хүчин зүйлээс хайхаас илүүтэй сэтгүүлч бид мэргэжлийн үйл ажиллагаандаа бодитой үнэлэлт, дүгнэлт өгөх нь зүйтэй хэмээн үзэж байна.
Тиймээс улс төр, нам, бүлэглэлийн хагарал,хуваагдлыг эгзэгтэй, ээдрээтэй, улс төр, төр засгийн хямрал нүүрлэж болзошгүй энэ цаг үед мэргэжлийн нэр хүнд, үүрэг хариуцлагаа өндрөөр ухамсарлаж, иргэдийн итгэл үнэмшил, мэргэжлийн ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэн нягт нямбай ажиллахыг уриалж байна"
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна