“Элэгний эмнэлэг” нэрийн дор томоохон 9 объектыг ААВ, ХҮҮ ХОЁР ХУУЛЬ БУСААР ашиглаж байна

М.Үүрээ
2025/01/21

Улс, нийслэлийн өмчийн газар, үйлдвэр, барилга байгууламжийг хувьчлалаар авч “хөрөнгөжсөн” гэх хүмүүсийн талаар олон жишээ, яриа байдаг. Үүний хамгийн сүүлийн үеийн нэгэн жишээ бол элэгний Ж.Хатанбаатар болон түүний хүү Х.Гүрбазар нар болж байна. Хувийн ашиг сонирхлоо бүхнээс түрүүнд тавьдаг аав, хүү хоёр Нийслэлийн Засаг даргын дэргэдэх “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг олон жилийн турш үе залгамжлан удирдаж, эмнэлгийн эмч, ажилчид, эмнэлгийн үйл ажиллагааг хөсөр хаягдуулж байна.

Ж.Хатанбаатар нь 10 гаруй жилийн турш “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийг хувьдаа хөрөнгө завших, бусдын өвчин зовлонгоор бизнес хийх хэрэглүүр болгон ашигласаар байна. Тухайлбал, 2008-2013 онд нийслэлээс 3.5 тэрбум төгрөг, 2014-2021 онд Эрүүл мэндийн даатгалын сангаас 4.1 тэрбум төгрөгийн татаас авч, санхүүгийн тайлангаа өгөөгүй. Ж.Хатанбаатар нь өөрөө эмнэлгийг удирдаж байгаад хүү Х.Гүрбазартаа үргэлжлүүлэн удирдах эрхийг шилжүүлсэн байдаг. Хамгийн сүүлд 2024 онд Захиргааны хуулийн тодорхой заалтуудын хүрээнд тус эмнэлгийн гүйцэтгэх захирлын албан тушаалд ажилладаг Х.Гүрбазар болон 2008 оны менежментийн гэрээг байгуулсан багийн ахлах Ж.Хатанбаатар нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гарсан хэдий ч тушаалыг огт биелүүлэхгүй, зугтаж аргацааж байгаа юм.

Аав, хүү хоёр Монголдоо цөөхөн байгаа элэгний төрөлжсөн эмнэлгийн нэгийг хувьдаа хөрөнгөжих хэрэгсэл болгон ашиглахын тулд төрийн хууль тогтоомжийг ч үл тоож байна. Тэдэнд үүрэг хариуцлагын асуудлыг яриад ч хэрэггүй боллоо. Ганц тус эмнэлэг ч бус эмнэлгийн харьяалалд байдаг Зайсан дахь клиник сувилал, Гачуурт дахь эмийн ургамал тариалах 10 га талбай зэрэг том хэмжээний 9 объектыг олон жил хувьдаа ашиглаж, нийслэлийн өмчийг үнэгүйдүүлж байна.

Монгол Улсын ардын эмч цолтой хүнээс гарахын аргагүй бусармаг үйлдлүүд хийж, тухайн үйл хэргээ хүүхэддээ үргэлжүүлэн залгамжлуулж, “Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв”-ийн эмч, ажилчдыг ч үйл ажиллагаандаа татан оролцуулж, хамгийн чухал өвчтнүүдийн эрүүл мэндээр “тоглож” байгаа нь үнэхээр харамсалтай. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
2
wow

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
122.201.31.199
2025/01/21
0
0
Маш зөв улс өмчөө авах хэрэгтэй наад новшнууд чинь сайн ажилсан бол өнөөдөр элэгний өвчингүй болох боломж байсан!!!
Хариулах