СУРВАЛЖИЛГА: Хүнсний үл зохицлын судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 66,7 хувьд сөрөг үр дүн гарсан ба насанд хүрэгчид ч энэ талаарх ойлголтгүй байна

Үүрийнтуяа
2024/09/14

Улаанбаатар хотын иргэдийн 10 хүн тутмын гурав нь ямар нэг зүйлээс харшилдаг гэх судалгаа байдаг. Харшил бол шууд шинж тэмдэг илэрч мэдэх боломжтой. Хамгийн гол нь иргэд өөрт мэдрэгшиж, үл зохицдог хүнсний бүтээгдэхүүнээ мэдэхгүй хэрэглэдэг эсэх нь анхаарал татав. Хэрэв тийм бол энэ мянга мянган архаг хууч өвчтэй хүмүүсийн гол үүсгэгч байж болзошгүй юм. 

Хамгийн эхэнд бид гудмаар явах хүмүүсээс харшилдаг, үл зохицдог хүнсээ мэддэг эсэхийг тодруулахад ихэнх нь үгүй гэж хариулав. Тэдний дийлэнх нь харшилдаг бүтээгдэхүүнээ мэддэг ч анх хүнсний бүтээгдэхүүнээ идэж үзсэний дараа харшилдаг гэдгийг олж тогтоосон гэлээ. Харин хүнсний үл зохицох, мэдрэгших ойлголт байхгүй байв. 

Үргэлжлүүлэн бид энэ төрлийн төсөл хөтөлбөр, судалгаан дээр ажилласан туршлагатай Immune Care Med center эмнэлгийн зөвлөх эмч Б.Золзаяагаас мэдээллийг хүргэе. 

Тэрбээр,   “Би сүүлийн таван жил энэ төрлийн сэдэв дээр судалгаа, эрүүл мэндийн төсөл хийж байна. Яг одоо Мэдрэг мазаахай төсөл дээр ажиллаж буй. Хамгийн гол нь энэ сэдэв дэлхийн олон улсад нийтлэг байдаг, эрүүл мэндийн зайлшгүй шаардлагатай мэдлэг юм. Гэсэн хэдий ч манай улсад энэ бол шинэ сэдэв. Тухайлбал, онгоцны буудал, зочид буудалд зорчиход үйлчлүүлэгчээс мэдрэгшдэг хүнсийг хамгийн эхэнд асууж, анхаарал хандуулдаг. 

Мэдрэгшдэг, үл зохицох хүнс гэдэг харшлаас өөр юм. Харшил бол 2-3 цагийн дотор сөрөг нөлөөгөө шууд үзүүлдэг. Харин мэдрэгшдэг, үл зохицох хүнсийг хүн мэдэхгүйгээр удаан хугацаанд хэрэглээд л яваад байдаг. Шинжилгээгээр эсвэл өвчний явцад мэдэх боломжтой. Зарим архаг хууч өвчний шалтгаан тодорхойгүй удаан хугацаанд үргэлжлэх үед хүнсний мэдрэгшил, үл зохицлыг мэдэж авснаар илаарьших боломж бий болдог. 

Дэлхийн нийт хүн амын 15 хувьд хүнсний үл зохицлын зовуурь тохиолддог. Манай улсын хувьд жил ирэх тусам хүнсний мэдрэгшилтэй хүүхдийн тоо өсч байгаа. 

Хамгийн гол нь “Хүнсний үл зохицол”-ын талаарх эцэг эхчүүдийн ойлгоцыг тодруулах зорилгоор судалгаа авсан боловч 57,4 хувь нь мэдэхгүй гэж хариулсан. Нийт судалгаанд оролцогчдын 93 хувь нь энэ төрлийн шинжилгээнд хамрагдаж байгаагүй. Харин судалгаанд хамрагдсан нийт хүүхдийн 66,7 хувьд хүнсний үл зохицлын шинж тэмдэг илэрсэн. Үүнээс харахад насанд хүрэгчид ч энэ талаарх ойлголтгүй байгаа нь харамсалтай” гэв. 

2019-2022 онуудад Евро-Стандарт лабораторийн шинжилгээнд хамрагдсан иргэдийн хариу  “12-оос доош насныхан 91 хувь, 18-25  насныхан 80 хувь, 25-45 насныхан 60 хувийн хүнсний үл зохицолтой” гэж гарчээ.

 

 

Сүүлийн жилүүдэд зөв хооллолтын талаар хоол зүйчид эрчимтэй зөвлөсөөр байгаа. Гэсэн хэдий ч иргэд өөрт үл зохицох хүнсээ, зөв хооллолт гэж андуурч хэрэглэх магадлал өндөр байна. Учир нь өөрт үл зохицдог, мэдрэгшдэг хүнс нь харшил шиг шууд нөлөөлөл нь харагдахгүй заавал шинжилгээгээр илрүүлдэг аж. Урт хугацаанд өөрт Мэдрэгшдэг, үл зохицдог хүнсээ хэрэглэх нь илүүдэл жин үүсэх, жин нэмэхгүй байх, батгаших, ой санамж муудах, сэтгэл гутралд орох зэрэг төрөл бүрийн архаг өвчин үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг байна. Иймд хүн бүр өөрт зохицох хүнсээ шинжлүүлж, үүний дагуу хооллох нь эрүүл мэндэд эерэг үр нөлөөтэй юм.

 

СэтгүүлчА.Булганчимэг


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна