СХД-ийн Хилчин хотхонд байрлах Нийслэлийн 192 дугаар цэцэрлэг муудсан махаар хоол хийсний улмаас гурван настай хүүхэд хордлогод орсон талаар мэдээлэл өчигдөр /2024.09.09/ цахим орчинд эцэг эхчүүд мэдээлсэн. Тодруулбал, Өнгөрсөн баасан гарагт цэцэрлэгтээ явсан хүүхэд амралтын өдрүүдэд гэртээ байхад нь хордлогын шинж тэмдэг илэрч, эцэг эхчүүд цэцэрлэгт мэдэгджээ. Улмаар даваа гарагт хүүхдүүдийн эцэг эхчүүд тус цэцэрлэгт очиход мах нь муудсан үнэр орсон ба үүнийг тус байгууллагын тогооч, нярав ажилтнууд хүлээн зөвшөөрч уучлалт гуйсан байна. Ийнхүү бид эл асуудлыг сурвалжлахаар Нийслэлийн 192 дугаар цэцэрлэгийг зорилоо.
Биднийг очиход цэцэрлэгийн хаалга түгжээтэй, ойр орчимд хүүхдүүд харагдахгүй байлаа. Мөн гаднын хүмүүс нэвтрүүлэхгүй байв. Удалгүй цэцэрлэгийн ажилтан гарч ирж бидэнд мэдээлэл өглөө.
“МАХЫГ ШӨНИЙН ГУРВАН ЦАГТ АЖЛЫН ЦАГ ТАРСНЫ ДАРАА КОМПАНИАС ХҮРГЭСЭН”
Цэцэрлэгийн ажилтан нэр ээ нууцлахыг хүсэв. Тэрбээр, “Захирал байхгүй байна. Тогооч өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан. Бидний буруу байвал бид хүлээн зөвшөөрнө. Гол нь бүх хүүхдүүд биш гурван хүүхдээс хордлогын шинж тэмдэг илэрсэн. Үүнийг мэргэжлийн шалгах хүмүүс тодорхойлох байх. Хүүхдүүдийн биеийн байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Хүүхдүүд эмнэлэгт хэвтэх хэмжээний хордлого байгаагүй байх. Миний хувьд яг муудаж, үнэр орсон мах байсан гэдгийг хараагүй. Махыг шөнийн гурван цагт ажлын цаг тарсны дараа компаниас хүргэсэн” гэв.
“МУУДСАН МАХЫГ ЦЭЦЭРЛЭГИЙН НЯГТЛАН БОЛОН ТОГООЧ НАР ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН”
Хордсон хүүхдийн ээж: “Манай хүүхэд өнгөрсөн амралтын өдрүүдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн. Одоогоор биеийн байдал сайжирсан. Гэрээр эмчилж байна. Бусад эцэг эхчүүдээс асуухад 10 гаруй хүүхдэд хордлогын шинж тэмдэг илэрсэн юм билээ. Тэгээд би даваа гарагт очиход маш их хэмжээний муудсан махны үнэр үнэртсэн. Үүнийг нягтлан болон тогооч нар хүлээн зөвшөөрсөн” гэж мэдээлсэн юм.
“ЦЭЦЭРЛЭГ ДОЛООН ХОНОГООР ХҮНСЭЭ НӨӨЦӨЛЖ АВДАГ Ч ТУХАЙН ҮЕД 14 ХОНОГООР МАХ БОЛОН ХҮНСНИЙ БҮТЭЭГДЭХҮҮНЭЭ НӨӨЦӨЛЖ АВСАН”
Үргэлжлүүлэн бид СХД-ийн Боловсролын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Бадамхандаас дээрх мэдээллийг тодруулахад, “Бид өчигдөр буюу даваа гарагт 182-р цэцэрлэгт очиж нөхцөл байдалтай танилцсан. Тухайн цэцэрлэгийн мах үнэр орж, муудсан байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн. Бид тогоочийг хариуцлага хүлээлгэн ажлаас нь халсан. Хүүхдүүдийн биеийн байдлыг талаар мэдээлэл алга байна. Энэ асуудлыг цааш мэргэжлийн байгууллагат хандан, шинжлэхээр ажиллаж буй. Эрсдэлтэй махыг буцаасан. Уг нь цэцэрлэг долоон хоногоор хүнсээ нөөцөлж авдаг ч тухайн үед 14 хоногоор мах болон хүнсний бүтээгдэхүүнээ нөөцөлж авсан байсан. Манай зүгээс эцэг эхчүүдэд эл хэргийг нууцлах тухай хүсэлт тавиагүй” гэлээ.
192 дугаар цэцэрлэгт 130 хүүхэд суралцдаг ба үүнээс гурван хүүхдийн бие муудсан байна. Тодруулбал, хоёр хүүхэд ханиадны шинж тэмдэгтэй, нэг хүүхэд хоолны хордлого авсан гэж цэцэрлэгийн зүгээс мэдээлэв. Гэвч одоогоор цэцэрлэгийн 10 гаруй сурагчдад хордлогын шинж тэмдэг илэрсэн ба хэргийг орон нутгийн сонгуультай холбоотой нууцалж байна гэж эцэг эхчүүд хэллээ. Харин СХД-ийн боловсролын хэлтэс эл асуудлын тухай “цэцэрлэг долоон хоногоор хүнсээ нөөцөлж авдаг ч тухайн үед 14 хоногоор мах болон хүнсний бүтээгдэхүүнээ нөөцөлж авсан. Энэ нь хүнсний бүтээгдэхүүн муудах гол шалтгаан болсон байж болзошгүй гэж мэдээлсэн юм.
Сэтгүүлч: А.Булганчимэг
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна