Сүүлийн хэдэн өдөр олон нийтийн сүлжээнд “Айрагтай таксины жолооч” хэмээх алаг нүдтэй залуу “од” болоод байна. Түүнийг Ж.Энхбат гэдэг бөгөөд таксинд явдаг. Ингэхдээ үйлчлүүлэгчдээ айраг өгч, чихрээр дайлдаг нэгэн аж. Мөн таксинд явахгүй үедээ авто угаалгын газарт ажилладаг хөдөлмөрч залуу юм. Ингээд түүнтэй ярилцлаа.
-Сайн байна уу, ажил тавлаг, олз омог их үү. Өөрийгөө манай уншигчдад танилцуулаач?
-Сайн, сайн байна уу. Намайг Жигжидсүрэнгийн Энхбат гэдэг. Булган аймагт төрж өссөн.
-Айрагтай таксины жолооч гэхээр их анхаарал татаж сонин содон санагдлаа. Хэзээнээс эхэлж таксинд явж эхэлсэн бэ. Хүмүүс хэрхэн хүлээж авч байна?
- Есдүгээр сарын 21-нд хотод ирээд таксинд явж эхэлсэн. Гэхдээ хотын түгжрэл арай л юмаа. Миний санаа бол өдөрт хүн бүрт хүрч үйлчилмээр санагддаг ч түгжрэлээс шалтгаалж тэр бүр чадахгүй гацаанд орчихдог. Хүмүүс их сайхан таатай хүлээж авч байгаа шүү.
-“Айраг ууна биздээ” гэж асуухаар үйлчүүлэгчид юу гэж хүлээж авах уу, гайхдаг уу?
-Би зарим хүмүүсийг ойлгохгүй байна. Машинд суусан хүн болгоноос дээрх асуултыг асуудаг. Даанч ихэнх нь "уухгүй" гэдэг. Ийм ч юм өвдөнө, тийм ч юм өвдөнө гээд байх юм. Айлд орохоор цайгаа тавгийн идээгээ бариад угтдаг шиг Булган нутгийнхаа айргыг барьж угтаад байгаа юм шдээ уг нь би. Бас болоогүй, та зарж байгаа юмуу гэж асууна. Дайлахаар их биш ч амсуулахаар бага биш 250 мл айргыг үнэгүй уулгаж дархлааг нь дэмжье л гэж боддог. Айргыг уушгинд сайн гээд эмч нар уухыг зөвлөөд байгаа юм билээ шүү. Өө тийм нэг удаа "Шартаж үхэх гэж байхад юун айраг" гээд бараг загнуулсан. Гэхдээ үйлчлүүлэгчид их сайхан хүлээж авдаг болсон.
-Саяхан төрсөн өдрөөрөө бүтэн өдөржин таксиндаа явахдаа үнэ хөлс аваагүйн дээр айргаар дайлж үйлчилсэн гэсэн үү?
-Тиймээ. Төрсөн өдрөөрөө өөрөө баярлахаас илүүтэй өрөөлийг баярлуулбал их гоё. Сая 9 сарын 28-нд миний төрсөн өдөр болоод тэр өдрөөс хойш “Айрагтай такси”-гаар үйлчилж эхэлсэн.
-ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Байнга сууж байя, хаагуур явдаг юм бэ” гэж асуусан байсан. Олны танил хүмүүс асууж сураглажээ?
-Тиймүү. Түгжрэлгүй бол бүгдэд хүрч үйлчилмээр л байна даа.
-Таксинд явахаас гадна авто угаалгын газарт ажилладаг юм билээ?
-Тийм. Таксинд явахаас гадна давхар 10 хороололд авто угаалгад ажилладаг. Орой 17.00 цагаас 21.00 цагийн хооронд түгжрэл ихтэй үед ажилладаг юм.
-Өнгөрсөн зун “Өрөг.мн” сайтаас зохион байгуулсан “Тэр жилийн наадам” гээд дурсамж бичвэрийн уралдаанд тусгай байр эзэлж шагнуулж байсан даа?
-Өрөг.мн сайтаас зохион байгуулсан "Тэр жилийн наадам" гээд дурсамж бичвэрийн уралдаанд орж тусгай байр эзэлсэн. Сошиолд орсон тэмцээнээс анх удаа шагнал авсан болохоор маш их баярласан. Тэр уралдаанд ээжтэйгээ хамт наадсан дурсамжаа бичиж оролцсон нь олон хүнд хүрч, лайк, шэйр цуглуулж тусгай байр эзэлсэн.
-Зөв хандлагатай залуу шиг санагдлаа. Залуу хүний цаашдын хүсэл мөрөөдлийг сонирхвол?
-Дараа жилээс суралцах төлөвлөгөөтэй байгаа. Ер нь мэдлэггүйгээс болж сайхан боломжуудыг их алдсан. Эхний төлөвлөгөөгөө биелүүлчээд дараагийн зорилгоо тодорхойлно доо. Давхар айрагтай таксигаараа хүмүүсдээ үйлчилж шинэ шинэ санаа нэмнэ гэж бодож байгаа. Таксинд явах чинь бас үйлчилгээний нэг хэлбэр, хүн надад мөнгөө төлөөд үйлчлүүлж байгаа болохоор сэтгэл хангалуун буух нь чухал, сэтгэл хангалуун байлгахын тулд өвлийн улиралд хүний биед тустай цагаан идээ бол айраг юм. Би өөрөө анхдагчийн өлгий, айргаараа алдартай Булган нутгийн хүү учраас байгаа зүйлээрээ үйлчлүүлж байгаа хүмүүсээ сэтгэл ханамж өндөр байлгая л гэж бодож зорьж байгаа. Энэ зорилгодоо ч сэтгэл өег, өндөр байгаа шүү.
-Ажилд нь амжилт хүсье ээ, алтан шар зам нь өлзийтэй байг ээ?
-Маш их баярлалаа.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна