Иргэн О.Мөнхсайхан нь 3 жилийн өмнө буюу 2022 онд дөнгөж төрсөн 14 хоногтой нярайг өргөж авсан. Ингэхдээ хорооныхоо Нийгмийн ажилтнаар дамжуулж орцны үйлчлэгч хийдэг 30 настай ганц бие ээжээс өргөж авсан байна. Өргөж авсан охиныг төрүүлсэн ээж Х гэх эмэгтэй нь 4 хүүхэд төрүүлсэн бөгөөд том хоёр хүүхдээ өөрөө өсгөсөн бол бага хоёр хүүхдээ ийн хүнд үрчлүүлжээ. Тус ээж дахин жирэмсэлж 5 дахь хүүхдээ ч мөн үрчлүүлсэн байна. Харамсалтай нь үрчлүүлсэн ээж хүүхдийг зөвхөн мөнгө гэж хараад зогсохгүй улс нь ч үрчлүүлсэн хүүхдийг эргэж тойрч, шинэ гэр бүлдээ ямар нэгэн хүчирхийлэл, дарамтгүй амьдарч байгаа эсэх дээр нэг ч удаа санаа тавьж ирээгүй тухай асуудлыг бидэнд ярьсан юм.
Сайн байна уу? Та хэдэн хүүхэдтэй вэ? Хүүхэд яагаад үрчилж авах болсон бэ?
Сайн, сайн байна уу? Би хоёр охинтой. Том охиноо 5 настай байхад дүүтэй болгоё гээд 14 хоногтой байхад нь бага охиноо өргөж авч байсан. Манай эхнэр эрүүл мэндийн шалтгаанаар дахин төрөх боломжгүй болсон. Тийм болохоор ханьтай өсгөхсөн гэж бага охиноо өргөж авсан.
Монголчууд ер нь удмыг нь хар гэж их ярьдаг. Ихэнхи хүмүүс цусан холбоотой хүнээс үр, хүүхдийг нь гуйж авдаг харагддаг. Танай гэр бүлийн хувьд охиноо өргөж авахдаа ах дүүсээсээ эсвэл асрамжийн газраас гэх мэтээр яаж холбогдож өргөсөн бэ?
Эхнэр бид хоёрын хувьд сайн үйлсийн аянд их оролцдог. Хүүхдэд буян хийхийг үргэлж хичээдэг. Тийм ч болохоор удам судар гэхээсээ илүү нэг ч гэсэн хүүхдийн амьдралыг өөрчлөх юмсан гэсэн хүсэлтэй анх асрамжийн газарт хандсан. Бид маш их хүлээсэн. Гэвч асрамжийн газрууд хүүхэд үрчлүүлэх хүсэлгүй юм шиг санагдсан. Тэгээд хорооныхоо нийгмийн ажилтанд хандсан. Өсөж, хүн болох орчин хэцүү, ээж аав нь өсгөх боломжгүй архины хамааралтай болсон эсвэл өвчтэй ч юм уу тийм хүүхдийг өргөж авмаар байгаагаа хэлсэн. Тэгээд охины маань ээжийг танилцуулсан. Энэ эмэгтэйн хувьд 30 настай, бага хүүхдээ хүнд өргүүлсэн, 2 хүүхдийнхээ хамт орцонд амьдардаг дээрээс нь жирэмсэн байсан. Архины хамааралтай. Өөрөө ч охиноо хүнд өргүүлэх хүсэлтэй, бид ч өргөж авах хүсэлтэй байсан учраас төрөөд 14 хоносны дараа охиноо өргөж авсан. Мэдээж хадаг, сүү барьж гуйж авсан. Талархах сэтгэлийн үүднээс охиныхоо төрүүлсэн ээжид тодорхой хэмжээний мөнгө ч өгсөн. Охин маань бие муу байсан учраас эхнэр маань охиноо аваад эмнэлэгт хэвтэж би сүү, живхээ зөөж бусад шинэхэн ээж, аав нарын адил амьдрал маань аз жаргалтайгаар өрнөж эхэлсэн. Ам бүл 4-үүлээ болсон сайхан, дурсамжтой үе минь. Охиноо ч эдгээсэн. Одоо охин маань 3 настай.
Төрүүлсэн ээжтэй нь одоо холбоотой юу?
Ээжтэй нь холбоотой. Ээжид нь болон охиныхоо төрсөн ах, эгчид нь баяр ёслолоор бэлэг өгөх, хичээлийн шинэ жилээр хичээлийн хэрэгсэл, хувцас хунарыг нь бэлдэх гээд өнгөрсөн гурван жилийн хугацаанд чадлаараа тусалж ирсэн. Сүүлд очиход ээж нь дахиад жирэмсэн болж хүүхдээ хүнд өргүүлсэн байсан. Бас л эцэггүй хүүхэд юм билээ. Том охин нь манай хоёр дүү гадаадад байгаа, баян хүн өргөж авсан гэж ярьсан. Хөөрхий намайг өргөж авсан гэж мэдэхгүй. Тэр охин ч бас тэгж амьдрахыг хүсдэг байх. Уг нь хүүхэд эрүүл, аюулгүй орчинд ээж, аавын хайр энэрэлд өсөх ёстой боловч тэр хоёр хүүхэд орцонд, архины нихүүн үнэрэнд өсч, төлөвшиж, хүн болж байна. Тэдэнтэй холбоотой байдгын учир нь төрсөн эгч, ах, дүү нь миний охинд ханьтай байх болов уу? хамт байх хувь тавиланг нь томчууд бид л өөрчилсөн шүү дээ гэж гэмших, өөртөө буруу өгөх үүднээс холбогддог. Ээжийнх нь тухайд хорооны нийгмийн ажилтантай спирал тавиулах тухай ярьж байна. Энэ нь хувь хүний эрхийн асуудал болохоор шууд авч яваад тавиулж болохгүй учир өөртэй нь ярилцах, ойлголцох гээд асуудал бас тулгар ч л байна.
Охины ээж та нартай холбоотой байх хүсэлтэй юу? Охиноо нэг хармаар байна, уулзмаар байна ч гэдэг юм уу тийм хүсэлт тавьдаг уу?
Уулзмаар байна гэхээсээ илүүтэй мөнгө их нэхдэг. Анх би аав ээжгүй гэж хэлж байсан. Одоо аав хөдөөнөөс ирсэн. Холоос өвөөд нь охиноо харуулчмаар байна гэж хэлж уулзаад, араас нь мөнгө нэхсэн. Өвөө нь хүүхдээ авмаар байна гэнэ. Хүүхдээ буцааж авмаар байна гэж нэхнэ. Үгүй гэвэл та тэгвэл тэдэн төгрөг өгчих. Би ийм өр ширтэй байна. Хүүхэд өвдсөн гэх мэт байнга мөнгө нэхдэг болсон. Чадлаараа өгдөг. Гэхдээ нэхэх бүрт нь өгөөд байх чадал ч хэцүү, өгөөд л байвал даймжраад үргэлж нэхэх хандлагатай байгаа болохоор одоо бол зугтаж эхэлсэн.
Хуулиндаа юу гэж заасан байдаг вэ? Хүүхдийг үрчилж авсан тохиолдолд төрсөн гэр бүлтэй нь холбоотой байх ёстой гэдэг үү?
Үгүй, тэр нь үрчилж авсан болон үрчлүүлж авсан хүмүүсийн хувийн асуудал юм билээ. Ер нь хүүхдийг мөнгө гээд харчихсан залуу ээж, аавууд олон байна. Надтай адилхан асуудалтай олон хүмүүстэй ярилцаж байсан.
Төр хүүхэд үрчлэлийн тал дээр хэр анхаардаг вэ? Үрчлүүлсэн хүүхдийн нийгмийн асуудал, үрчилж авсан гэр бүл нь яаж хандаж байна гэх мэт
Анх өргөж авахад маш их бичиг баримт бүрдүүлж байсан. Гэмт хэрэгт холбогдож байсан уу? Архины хамааралтай юу? за тэгээд л эмнэлгийн шинжилгээ гэх мэт. Гэхдээ биднийг бага охиноо үрчилж авснаас хойшхи энэ 3 жилийн хугацаанд нэг ч удаа нийгмийн ажилтан, хорооноос ирж уулзаагүй, шалгаагүй. Хэрэв би хүчирхийлэгч байсан бол яах вэ? Магадгүй би архины хамааралтай болсон бол яах вэ? Хэдий бид хоёр охиноо төрүүлээгүй ч жинхэнэ эцэг, эхийн ёсоор, сэтгэлээр хайрладаг, халамжилдаг.Охиндоо маш их хайртай. Гэвч тийм биш эцэг, эх байгааг үгүйсгэх аргагүй шүү дээ. Биднийг эргэж тойрхогүй байгаа юм чинь гадаад улсын иргэнд үрчлүүлсэн хүүхдийг төр яаж хянадаг бол гэж аав хүний хувьд их харамсдаг.
Асрамжийн газар хүүхэд үрчлүүлэх дургүй юм шиг санагдсан гэдгийг тодруулж болох уу?
Уучлаарай энэ бол миний хувь хүний л хардлага юм шүү, асрамжийн газрын хүүхдүүдээр хурдан морь унуулдаг юм болов уу гэж би таамагласан. Хэд хэдэн уяач найз нарын маань, танилын маань хурдан морины хүүхдүүд асрамжийн газрын хүүхдүүд байсан учраас ингэж бодоход хүрсэн дээ
Хүүхэд үрчилж авах бодолтой байгаа хүмүүст та юу гэж хандаж хэлмээр байна, зөвлөмөөр байна?
Тэр хүүхэд тэр хүний хүүхэд болж төрсөн нь, ямар орчинд хүн болж ба йгаа нь түүний буруу биш шүү дээ, хүүхдэд ямар ч буруу байхгүй. Асрамжийн газар бол аав ээжийгээ алдсан бүтэн өнчин, хаягдсан, ээж аав нь хүүхэд өсгөх эрхээ алдсан гээд олон шалтгаантай хүүхдүүд бий. Тэдний хувьд бол бас ч гэж улсын, төрийн хамгаалалтад, дулаан байранд, бүтэн хувцастай, идэх хоолтой амьдарч байна. Харин маш олон хүүхдүүд архины хамааралтай аав, ээжийн золиос болж, бэлгийн болон бие махбодийн хүчирхийлэлд автаж эрүүл, аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох эрхээ хязгаарлуулж байгаа. Наад захын иргэн хүнийхээ эрхийг ч эдэлж чадахгүй олон хүүхдүүд нулимсанд живж хоолтой л хонохсон гэсэн мөрөөдөлтэй амьдарч байна. Тийм болохоор хүүхэд үрчилж авахаар төлөвлөсөн аав ээж нараасаа гуйхад нэг ч гэсэн хүүхдийн ирээдүйг гэрэлтэй болгоосой, нэг ч гэсэн хүүхдийг хайр дүүрэн амьдруулаасай гэж хүсч байна. Та тэр хүүхдийг зөв өсгөж чадвал аав, ээж, удам судар нь ямар байхаас үл хамаарч тэр сайн хүн болж чадна шүү. Мөн төр, засаг минь гадаад улсын иргэнд болон эх орондоо үрчлүүлсэн хүүхдүүдээ эргэж тойрч, хамгааласай гэж хүсч байна.
Бидэнтэй ярилцаж хүүхэд үрчлэлийн тухай асуудлыг хөндсөнд баярлалаа. Танай гэр бүлд аз жаргал хүсье. Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Сэтгэгдэл (1)