Засгийн газар "СТРАТЕГИЙН ОРД"-ОО БУЦААЖ АВАХ АЖЛАА Б.ДЭЛГЭРСАЙХАН САЙДААС ЭХЭЛЬЕ

М.Үүрээ
2025/04/17

Стратегийн ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох, тэдэнтэй хэлэлцээр хийх Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Батзандан /2025.04.14/-нд Стратегийн ордоор бүртгэгдсэн болон хавсралт дээр бичигдсэн ордууд дээр дахин найман орд нэмж бүртгэх ёстой хэмээн мэдээллээ.

Тодруулбал, Стратегийн 16, хавсралтад багтсан 39 орд дээр нэмж доорх найман ордыг Стратегийн ордоор бүртгэх санал гаргажээ. Эдгээр найман орд нь:

Баянхөндий+Алтан нар орд /20+ тонн алт/

Хармагтайн орд  /70 тонн алт,680 мянган тонн зэс/

Халзанбүргэдэй орд /1.4 сая тонн газрын ховор/

Хотгорын орд  /1.2 сая тонн газрын ховор/

Баянголын орд /151 сая тонн төмрийн хүдэр/

Хөшөөтийн нүүрсний орд /4.5 сая тонн нүүрс/

Айл баянгийн нүүрсний орд /нөөц тодорхойгүй/

Эрдэнэбулагийн чулуун нүүрсний орд /нөөц тодорхойгүй/ бөгөөд дотор нь Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хамааралтай Баянголын төмрийн хүдрийн орд багтсан нь анхаарал татаж байна.

Б.Дэлгэрсайханы хамааралтай Болдтөмөр ерөө гол /2855119/ компани Сэлэнгэ аймгийн Ерөө сумд байрлалтай ашигт малтмалын ашиглалтын гурван лиценз эзэмшдэг.

Тэдгээрийн хоёр нь Баянголын хүдрийн ордыг ашиглах МV-008888, MV-017607 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөл юм. Нийт талбай нь 1680,5 га болно.

Б.Дэлгэрсайханы хувьд 2004-2016 оны хооронд “Болд төмөр Ерөө гол” ХХК-ийн захиралаар ажиллаж байсан. Түүний 2015, 2016 оны ХОМ-үүдэд тус компанид хувьцаа эзэмшдэг гэдгээ мэдүүлсэн байдаг. Улс төрийн хүрээнд ч Б.Дэлгэрсайханыг хувьдаа төмөр замтай, олон тооны галт тэрэгтэй гэдгээр нь мэддэг. Тодруулбал Монгол Улсад хувьдаа төмөр замтай анхны компани нь “Болд төмөр Ерөө гол” ХХК бөгөөд 3000 орчим галт тэрэг эзэмшдэг компани юм.

2020 онд Л.Халтарыг ЗТХ-ийн дэд сайд байхад "Хувийн хэвшлийг дарамталж байна. Вагон санаатай унагасан" хэмээн уурсаж байсан билээ.

Баянголын төмрийн хүдрийн орд бол томоохонд тооцогдоно. Анх 66,1 сая тонн металл агуулсан 151,2 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй байсан. 2008-2019 онд 37.9 сая тонн хүдрийг олборлосон гэх мэдээлэл байна.

Ирэх долоо хоногт УИХ-аар Стратегийн ордуудтай холбоотой асуудал хэлэлцэгдэнэ. Энэ үеэр Стратегийн ордын жагсаалтад орох боломжтой 8 ордыг нэмүүлэх саналыг засгийн газрын БЭТ Ж.Батзандан гаргана хэмээн мэдэгдсэн. Түүнчлэн тэрбээр "Энэ найман ордыг үеийн үед стратегийн ордод оруулахгүй нууж ирсэн. Нуусан найман ордыг стратегийн ордод оруулах саналаа хүргүүлж байна. УИХ-ын 126 гишүүд удахгүй хэлэлцэж шийдвэрээ гаргах байх. Энэ ордууд стратегийн ордод орсноор Баялгийн сан улам баян болно" гэсэн юм.  


0
angry
0
care
0
haha
4
liked
0
love
1
sad
0
wow

Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.33
2025/04/17
0
0
Дэлгэрсайхан шиг сайхан үнэнчээр ажиллаж байгаа сайд байхгүй шүү. Дээгийдээ амжилт хүсэе
Хариулах
117.111.16.192
2025/04/17
0
0
Лалар Дэлгэрсөйхан бол газрын хэвлийн баялгаас хамгийн их ашиг Монголын цөөхөн луйварчдын нэг, тэрээр маш зальтай этгээд тул Баянгол, Ерөөгийн ордыг нөөцыг нуун дарагдуулж ирсэн, хилээр гарсан тоо ч эргэлзээтэй энэ нөхрийн эзэмшдэг ордуудыг шууд стратегийн ордод хамааруулж УЛС хувиа авах хэрэгтэй
Хариулах