Нийслэл Улаанбаатар хот шахмал түлшний уршгаар эрдэнэт хүмүүсээ угаарын хийд алдаад нилээн хэдэн жилийг ардаа үдэж байна. Жил бүр угаартаж амиа алдсан гаслам харамсалтай тохиолдолууд бүртгэгддэг хэдий ч төр засгаас дорвитой шийдвэр үгүй байсаар өдий хүрсэн. Үүний бас нэгэн хохирогчид бол нэг айлын зургаан халуун амь байлаа.
Өнгөрсөн нэдүгээр сарын 23-24-ний шилжих шөнө Баянгол дүүрэгт нэг айлын зургаан хүн угаартаж нас барсаны дөрөв нь хүүхэд байсан юм. Том хүүгээ цэргийн албанд мордуулсан ээж нэг л шөнө өрхөө бүтээж хоноод өглөө нь эргүүлж татсангүй. Ингээд буйран дээрээ ганцаараа торойж үлдсэн 17 настай хүү ард түмэнд бодит байдлыг ямар ч баггүйгээр дэлгэсэн юм.
Тэрбээр хэлэхдээ, "Дөрвөн дүү, ээжийгээ алдлаа. Надад үнэхээр хэцүү байна. Би өмгөөлөгчгүй ганцаараа байгаа. Өмнө нь нүүрс түлдэг байхад угаартлаа гэж ярьдаггүй байсан. Гэтэл юугаа ч мэдэхгүй миний жаахан дүү нарт ийм зүйлс тохиолдлоо. 6, 9, 15, 17 насны миний дөрвөн дүү, ээж маань 1983 оны хүн байсан. Миний ах ээжээс маань 4-5 ах хүн байсан. Цэргийн алба хааж байхад надад чөлөө өгсөн. Ингээд чөлөөгөөр ирээд гэртээ иртэл ээж, гурван дүү, ах, ахын маань охин угаараас болоод амиа алдсан гэж хэлсэн" хэмээн хоолой чичрүүлэн ярьсан нь олны сэтгэлийг сэрдхийлгэж, эл асуудлыг олны анхаарлын төвд аваачсан байдаг. Мөн тухайн хохирогч хүү "Одоогоор намайг эл хэргийн хохирогчоор тогтоогоогүй, эгч маань хохирогчоор явж байгаа" гэдгийг онцолсон юм.
Харин цагдаагийн байгууллагаас "Зургаан хүний амь хохирсон хэргийн шалтгаан нь урьдчилсан байдлаар угаарын хийн хордлого гэдэг нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллага хүний амь нас хохирсон тохиолдол бүрийн гаднын нөлөөтэй, гаднын нөлөөгүй эсэхээс үл шалтгаалан мөрдөн шалгадаг. Ямар шалтгааны учир хүний амь нас хохирсон бэ гэдгийг нь тогтоож, хуулийн дагуу шийдвэр гаргадаг. Тэр хууль, журмын дагуу явагдаж байгаа ажиллагаа” хэмээн сандралдаж байлаа.
Ингээд Монгол улсад гурав хоноод засаг ганхуулсан зургаан хүний амь мартагдав.
Тэгвэл одоо энэ хэрэг ямар шатандаа явж, О.Одбаяр ямар нөхцөл байдалтай байна вэ?
Одоогийн байдлаар эл хэргийн шүүх шинжилгээний дүн гарч, хэргийн оролцогч нарт танилцуулж эхэлсэн аж. Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар амиа алдсан иргэд гаднын нөлөөгүй, угаартаж амиа алдсан гэх дүгнэлт гарсан байна.
Харин гэр бүлээсээ ганцаараа үлдсэн О.Одбаяр хүү цэргээсээ халагдаж Тэрэлжид барилга дээр ажиллаж байгаа гэх мэдээлэл бий.
Сэтгэгдэл (1)