ШУА-ийн Археологийн хүрээлэн болон АНУ-ын Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг 2026 оны тавдугаар сарын 12-ноос 26-ны хооронд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нутаг Гол мод хэмээх дурсгалт газарт Монголын эзэнт гүрний үеийн долоон дурсгалыг малтан судаллаа. Уг дурсгалт газрыг 2025 оны намар Хөвсгөл аймгийн ССАЖЗ-ын газрын Соёлын өвийн хэлтсийн дарга, ШУА-ийн их сургуулийн магистрант Х.Баасансүрэн, Арбулаг сумын 1 дүгээр багийн малчин, Соёлын өвийн гэрээт харуул Ж.Алтанбаатар нар анх нээн олжээ.
Малтан судалсан 7 дурсгалын 6 нь эрт үед тоногдож сүйтгэгдсэн бөгөөд зөвхөн нэг дурсгал анхны байдлаар хөндөгдөөгүй хадгалагдан үлдсэн байв. Энэхүү хөндөгдөөгүй дурсгал нь өндөр настай эмэгтэй хүний оршуулга байсан бөгөөд төмөр тоноглолтой эмээл, дөрөө, хазаар болон бусад адууны тоног хэрэгсэл,сумч хутга, цагариг ээмэг, хонины шагайт чөмөг зэргийг дагалдуулан тавьсан байжээ. Харин 4 дүгээр дурсгалаас цэвдэгтэй хөрсөнд 700 гаруй жил хадгалагдсан шаазан ваартай өрөм, 2 дугаар дурсгалаас өвөрмөц чих бариултай бүтэн шавар ваар, төмөр дөрөө, 5 дугаар дурсгалаас хос төмөр дөрөө, сумын зэвүүд, оломны арал, саадгийн дэгээ зэрэг гарсан нь Монголын эзэнт гүрний түүх, нийгэм-соёлыг тодруулан судлахад чухал ач холбогдолтой олдвор, хэрэглэгдэхүүн юм. Ялангуяа шаазан ваартай өрөм нь 700 орчим жил цэвдэгт хадгалагдаж үлдсэн онцгой чухал олдворт тооцогдоно.
Судалгааны багт ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын Мичиганы их сургуулийн багш, доктор Браян Миллер, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Түвшинжаргал, Р.Баярмаа, сэргээн засварлагч Р.Эрдэнэцэцэг, ШУА-ийн их сургуулийн магистрант Ц.Ганзориг, С.Гялбаа, Х.Баасансүрэн болон бусад туслах ажилтнууд хамтран ажиллалаа.
Хээрийн судалгааны явц, үр дүнтэй Хөвсгөл аймгийн засаг дарга Л.Төмөрбаатар болон Арбулаг сумын засаг дарга С.Аюушжав болон албаны бусад хүмүүс танилцаж, цаашдын судалгааг аймаг, орон нутгийн зүгээс дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна