Ерөнхий сайд Н.Учрал ард иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулаад буй “Туулын хурдны зам” төслийн явцыг зогсоогоод байгаа билээ.
Ард иргэдийн хувьд түгжрэлийг бууруулах зорилго бүхий энэ замыг эсэргүүцээгүй, хамгийн гол нь Туул голын татам дээгүүр 32 км зам барих компани нь зам, гүүрийн түүх байхгүй, цаасан дээрх компани байсныг илчилсэн билээ. Анх Хонгконгд бүртгэлтэй гэх “Хаоюань групп” компани нь тус улсад бүртгэлгүй болсон нь ил болж, улмаар Хятадад байрладаг гэх боловч өнөөдрийг хүртэл тус компанийг хаанаас ч олохгүй байгаа юм. Ийм л хоосон компанид нийслэлчүүдийн татвараар бүрдсэн хөрөнгө мөнгийг ямар ч хараа хяналтгүйгээр хэдэн зуун тэрбум төгрөгөөр нь өгсөнд ард түмэн дургүйцлээ илэрхийлсэн. Нийслэлийн иргэдийнхээ талд зогсч байх Засаг дарга Х.Нямбаатар иргэдийнхээ эсрэг жагсаал хүртэл зохион байгуулж, хоолойгоо сөөтөл орилж явсны цаад шалтгаан ердөө авлига, албан тушаалын хэрэг байж болох нэгэн ноцтой баримтыг дэлгэж байна.
“Туулын хурдны зам” төслийн нэрээр тэрбум тэрбумаар нь туйлж, тансаглаж байсныг бид сүүлийн өдрүүдэд олон баримтаас харж байгаа. Харин энэ удаа Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлстийн дарга О.Энхбаатар гэх эрээ цээргүй албан тушаалтныг танилцуулъя. Анх Х.Нямбаатарын сонгуульд ажиллаж, гэрлийн хурдаар дээшилсэн гэх О.Энхбаатар нь 2020 онд Нийслэлийн Замын хөгжлийн газарт мэргэжилтнээр ажилд орж, улмаар хэдхэн жилийн дотор хурган даргын албан тушаалд очжээ. Үнэхээр эрхэлсэн ажил, эзэмшсэн мэргэжилдээ гаргууд хүн сэн бол хэлэх үг байхгүй байлаа. Гэтэл ажил мэргэжлийнхээ ур чадвараар бус албан тушаалны далбаан дор ирсэн тэрээр зам, гүүрийн компаниудын маанийг уншдаг гэнэ. Өөрт нь таалагдаагүй, өөрийг нь тэрсэлсэн зам, гүүрийн компаниудыг нийслэлээс зарласан тендер, төслөөс шууд хасч, албан тушаалын бяраа үзүүлж, амин хувийн хонзонгоо авдаг аж.
Хамгийн сүүлийн ноцтой баримтыг дэлгэхэд, тэрээр энэ оны эхээр долоо хоног Малайзын Куала Лумпур хотоор тансаг зэрэглэлийн аялалд өөрийнхөө дор ажилладаг 12 хүнийг авч явжээ. Тэд гэхдээ өөрсдийн зардлаар бус Туулын хурдны замын гүйцэтгэгч байгууллага болох Хаоюань женерал констракшн компанийн зардлаар онгоцны нэгдүгээр зэрэглэлийн суудлаар нисч, дэлхийд өртөг өндрөөрөө гайхагддаг Sheraton imperial зочид буудал болон “Golden palm tree” хэмээх тансаг амралтын газарт буудаллажээ. Нэг хоногийн өртөг нь 1000 доллараас эхэлдэг энэхүү зочид буудал, тансаг амралтын газарт нэг хоноход манай төрийн албан хаагчдын нэг сарын цалин хүрэлцэхгүй. Гэтэл бүхэл бүтэн долоо хоног наргиж, цэнгэсэн тэдний нэг хүний зардал 40-50 сая төгрөг болсон гэх бөгөөд бэлэг сэлтэнд ч “Хаоюань женерал констракшн” компанийхан гар татаагүй сурагтай. Хэдэн зуун тэрбум төгрөгийг хоосон түүхтэй компанид өгчихсөн хотын хурган дарга нар хилийн цаана очиж хээл хахуулиа ийнхүү зохицуулсан бололтой. Энэхүү сэжиг бүхий тансаг аяллыг нийслэлийн төсөл, тендерийн зарцуулалтыг шалгаж буй АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг нарийн сайн шалгаж, хил дамнан хэдэн арван сая төгрөгөөр тансагладаг О.Энхбаатар тэргүүтэй нийслэлийн албан тушаалтнуудыг шалгахыг шаардаж байна. Х.Нямбаатараараа туг тахичихаад нэмээд Б.Одбаяраа араас нь өшиглөж буй тэрээр Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга болно хэмээн хөөрчихсөн яваа сурагтай. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн авга дүү Г.Гантулга болон Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан нар “Миний ард ах нар маань байгаа” хэмээн бусдын нэрийг барьж явна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна