Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Дуурь, бүжгийн эрдмийн театрын уран бүтээлч, ажилтан, албан хаагчидтай уулзаж, театрын барилгын их засвар, техник технологийн шинэчлэл, салбарын санхүүжилтийн асуудлаар санал солилцлоо.
Уулзалтын үеэр олон жил ашигласан тус театрын барилгад иж бүрэн шинэчлэл хийх шаардлагатай байгааг онцолж, их засварын ажлыг үе шаттай хэрэгжүүлэхээр төлөвлөж буйг танилцуулсан юм. Театрын инженерийн шугам сүлжээ, тайзны механизм, гэрэл, дуу, акустикийн системийн шинэчлэлийг хамарсан уг ажлын зураг, төсөв баталгаажиж, санхүүжилтийг шийдвэрлэх ажил эхлээд байна.

Мөн их засварын ажлыг хэрэгжүүлэхдээ театрын хэвийн үйл ажиллагааг аль болох тасалдуулахгүй, тоглолт болон бэлтгэл сургуулилалтын нөхцөлийг хадгалах чиглэлд тус байгууллагатай нягт хамтран ажиллах шаардлагатайг салбарын сайд онцоллоо.
Түүнчлэн Австрийн Засгийн газрын дэмжлэгтэй театрын тайз, гэрэл, дууны тоног төхөөрөмжийг орчин үеийн стандартад нийцүүлэн шинэчлэхээр хэлэлцэж байгаа юм. Энэ хүрээнд инженер, техникийн ажилтнуудыг сургаж, чадавхжуулах ажлыг хамтад нь хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Мөн соёл, урлагийн салбарын төсвийг олон эх үүсвэрээр бүрдүүлэх бодлогын талаар танилцууллаа. Тухайлбал, улсын болон орон нутгийн төсөв, нэмэлт үйлчилгээ, үр дүнд суурилсан санхүүжилт, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын нэг хувийн буцаан олголтоор соёлын төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих боломжийг өргөжүүлэхээр ажиллаж байгааг дурдсан талаар ССАЖЗЯ-наас мэдээлэв.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна