Бурхан багшийн Их дүйчин өдөр зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу тавдугаар сарын 31-нд тохионо Үүнтэй холбогдуулан Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийлээ.
"2019 онд бурхан багшийн Их дүйчин өдрийг УИХ-ын чуулганаар бүх нийтийн баяр амралтын өдөр болгож хуульчилсан. Энэ өдрийг ёслол төгөлдөр тэмдэглэхийн тулд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, мөн бусад сүм хийд, бурхны шашинтны төрийн бус байгууллагууд хамтран тэмдэглэж эхэлсэн" хэмээн Гандантэгчэнлин хийдийн лам нарын төлөөлөл танилцууллаа.
Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны тэргүүлэгч А.Батцэнгэл "Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн гурван өдөр гурвуулаа зуны тэргүүн сарын шинийн 15-нд тохиодог. Ийм учраас энэ өдрийг бурхан багшийн их Дүйчин өдөр хэмээн нэрлэсэн байгаа.
Энэ өдрийн хөтөлбөр:
2025 оноос эхлэн сүсэгтэн олон шөнөөр гэрэлт жагсаал зохион байгуулдаг болсон. Энэ жил ч тэрхүү гэрэлт жагсаалаа хийхээр төлөвлөж байна. Гандантэгчэнлин хийдийн лам хувраг, сүсэгтэн олны төлөөлөл жагсахаар болж байгаа. Өөрт болон бусдад бие, хэл, сэтгэл гурваар хорлол үйлдэхгүй байхыг буян үйлдэх хэмээнэ. Өөрийнхөө сэтгэлийг номхотгох хэрэгтэй гэж бурхан багш айлдсан байдаг" гэв.
Гандантэгчэнлин хийдийн лам Ч.Ганхуяг "Бурхан багшийн хоёр манлай шавийн рэнсрэлийг Гандантэгчэнлин хийдэд тавдугаар сарын 30-ны өдөр зална. Ийнхүү тавдугаар сарын 30-ны өдөр хоёр шавийн рэнсрэлийг залсны дараа 31-ний өдрөөс авхуулаад нийт сүсэгтэн олноо бурхан багшийн хоёр шавийн рэнсрэлд мөргүүлэх үйл ажиллагааг эхлүүлж, зургаадугаар сарын 9-нийг хүртэл үргэлжилнэ.
Монголчууд зуны тэргүүн сарыг их буян сар хэмээн бэлгэддэг. Энэ саруудад буян үйлдвэл олон түмээр арвижих боломжтой хэмээн үздэг. Сүсэгтэн олон та бүхэн бурхан багшийн хоёр шавийн рэнсрэлд тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 9-ний хооронд ирж мөргөх боломжтой" хэмээв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна