Э.Анхбаяр: Бодлынхоо үзүүрт тээж явсан бүх мөрөөдлөө биелүүлсэн

Admin
2026/05/18

Дуурийн урлаг хүний сэтгэлийн хамгийн нандин утсыг хөндөж, дотоод ертөнцийн гүнээс эгшиглэдэг онцгой ертөнц. Тэрхүү ертөнцөд Монголын нэрийг өндөрт өргөж яваа уран бүтээлчдийн нэг бол МУГЖ, Соёлын элч, баритон хоолойт дуучин Э.Анхбаяр юм.

Тэрээр багадаа АЖ  С.Жавхлан шиг дуучин болно гэж мөрөөддөг байжээ. Гэвч гэр бүлийнхэн нь “Манай удамд дуучин хүн байгаагүй” хэмээн түүний хүсэл мөрөөдлийг төдийлөн дэмждэггүй байсан гэдэг. Харин тэр мөрөөдлөөсөө ухраагүй. Өөрийн хүслээ даган СУИС-д шалгалт өгсөн ч тэнцэж чадсангүй. 

СУИС-ийн зарлалын самбар дээрх АЖ Б.Жавзандуламын  "Их монгол" сургуульд дуурийн дуучин авна гэсэн зарыг олж харсан нь түүний амьдралын хамгийн том эргэлт болжээ. Тэр үеэс эхлэн дуурийн урлагийн босгыг алхаж, өнөөдрийн дэлхийн тайзнаа эгшиглэх замналын эхлэл тавигдсан байна.

Оюутан ахуй цагаасаа л тэр тэмцээн уралдаанд хүч сорьж, удаа дараа шагналт байрууд эзэлж эхэлжээ. Гэвч авьяас чадвар нь үнэлэгдсэн ч төрийн шагнал, алдар хүнд түүнээс үргэлж нэг алхмын цаана үлддэг байсан үе бий. Түүний оролцсон B зэрэглэлийн тэмцээнд хоёрдугаар байр эзэлсэн дуучид гавьяат болж, төрдөө үнсүүлж байхад тэргүүн байрыг эзэлсэн Э.Анхбаяр энгэр хоосон үлдсэн гэдэг.

Тэр үедээ “Нэг өдөр би ч бас гавьяатын тэмдгээ энгэртээ гялалзуулан гарч ирэхэд аав минь тосоод зогсож байна даа” хэмээн мөрөөддөг байжээ.Харамсалтай нь тэр мөрөөдөл биелсэн ч аав нь хүүгээ тосон үнэрлэх хувьгүй үлдсэн юм.

Аав нь бие нь муу байхдаа “Миний хүү аавдаа битгий санаа зов. Тэмцээндээ яв. Миний хүү угаасаа түрүүлдэг юм чинь түрүүлээд ирнэ. Аавынхаа нэрийг дахиад нэг дуудуулчих…” хэмээн захисан гэдэг. “Аавынхаа нэрийг сайнаар дуурсгаж яваа болохоор сэтгэл нэг их гундахгүй ээ” хэмээн тэр даруухан өгүүлсэн юм.

Нэгэн цагт УДБЭТ-ын гоцлол дуучин болох мөрөөдөлтэй байсан хүү өнөөдөр дуурийн урлагийн өлгий нутаг Итали улсад Монголынхоо нэрийг дуурсган дуулж явна. Сонгодог урлаг дэлхийд үүсэж хөгжөөд 500 гаруй жилийн түүхтэй ч Монголд үүсээд ердөө нэгэн жарны нүүр үзэж буй. Гэсэн ч Монголын дуурийн урлаг дэлхийн тайзнаа өөрийн өнгө, өөрийн хоолойг цуурайтуулж чадсан. Түүний тод жишээ бол Э.Анхбаяр.

Тэрээр ОХУ-ын Владивосток хотноо зохиогдсон дуурийн залуу дуучдын уралдаанд 2-р байр, Улаан-Үд хотноо зохиогдсон ЗХУ-ын ардын жүжигчин Л.Линховоин нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны "Лучший голос" болон тэргүүн дээд "Гран при" шагналыг хүртэж байжээ.Мөн ОХУ-ын алдарт хөгжмийн зохиолч М.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдааны дэд байр, Казахстаны алдарт дуучин Бибигуль Тулегеновагийн нэрэмжит уралдаан, Унгарын алдарт дуучин Эва Мартоны нэрэмжит уралдаануудад тус тус тэргүүн шагналыг хүртжээ. Э.Анхбаяр Төрийн хошой шагналт, ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн нэрэмжит "Учиртай гурван толгой" дуурийн шилдэг дүрийн улсын уралдаанд Юндэнгийн дүрээр оролцон дэд байрын шагнал хүртэж байсан юм. Үүгээр зогсохгүй ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулсан сонгодог урлагийн “Олимп” гэгдэх П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVI уралдаанд амжилттай оролцож, гоцлол дууны төрөлд эх орныхоо нэрийг гарган IV байрын шагналыг хүртсэн билээ.

Ингээд түүний амьдрал, мөрөөдөл, алдаа оноо, тайзны ар дахь үнэнийг өгүүлэх MYCAREER ярилцлагын хөрөг нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ үү.
 

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна