Оросын панк хамтлаг "Pussy Riot"-ийн гишүүд болон Украины феминист байгууллага "FEMEN"-ийн идэвхтнүүд Италид болж буй Венецийн олон улсын дүрслэх урлагийн Биенналь урлагийн наадмын үеэр Оросын павильоныг эсэргүүцэн жагсаал хийлээ. Тодруулбал, 50 орчим жагсагч Лхагва гаригт (2026.05.06) Оросын павильоны үүдийг 30 минут орчим хаасан байна. Мөн Италийн цагдаа нар тэднийг дотогш нэвтрэхээс сэргийлж, тухайн хэсгийг түр хугацаанд хаажээ.
Жагсагчид панк хөгжим тоглуулж, ягаан өнгийн баг өмсөж, өнгөт утаа цацан “Цус бол Оросын бүтээл”, “Дуулгаваргүй бай” зэрэг уриа хашхирсан байна. Тэд Орос улс олон улсын нэр хүндтэй урлагийн арга хэмжээнд оролцож байгааг ийнхүү буруутгаж буйгаа илэрхийлсэн. "Pussy Riot"-ийн үүсгэн байгуулагч Надя Толоконникова хэлэхдээ, Орос улс урлаг, соёлын арга хэмжээг улс төрийн нөлөөллийн хэрэгсэл болгон ашиглаж байна гэж шүүмжилсэн. Мөн Оросыг дахин оролцуулсан наадмын зохион байгуулагчдыг буруутгасан байна.
Орос улс Украин руу 2022 онд бүрэн хэмжээний довтолгоогоо эхлүүлснээс хойш энэ жил анх удаа Венецийн Биеннальд оролцож байгаа юм. Үүнээс гадна, Израиль улс мөн оролцож байгаа нь шүүмжлэл, маргаан дагуулаад байна. Тус наадмын шүүгчид өнгөрсөн долоо хоногт Орос, Израилийг оролцож байгааг мөн адил эсэргүүцэн, ажлаа хүлээлгэн өгчээ. Шүүгчид тус хоёр орныг хүний эрхийг ноцтой зөрчсөн гэж буруутгасан байна. Харин Биенналь наадмын зохион байгуулагчид өөрсдийн шийдвэрийг хамгаалж, Италитай холбоотой ямар ч улс оролцох эрхтэй гэж мэдэгджээ.
"Pussy Riot" болон "FEMEN"-ийн жагсагчдаас гадна Лхагва гаригт Палестиныг дэмжигчид Израилийн павильоны гадна жагсаал хийсэн байна. 1914 онд байгуулагдсан Оросын павильон нь наадмын хамгийн эртний үндэсний үзэсгэлэнгийн нэг бөгөөд Бямба гаригт болох албан ёсны нээлтээс өмнө хаагдах төлөвтэй байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна