Соёл урлагийн газрын дарга асан Э.Цэнд-Аюушийг гэр буруугүй гэж үзжээ

Admin
2026/04/07

“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулахдаа зарим гүйцэтгэгч байгууллагуудад давуу байдал бий болгож улсыг хохироосон хэмээн АТГ-т шалгагдаад байсан Соёл урлагийн газрын дарга асан Э.Цэнд-Аюушийг гэр буруугүй болохыг тогтоожээ. Энэ талаар тэрээр өөрийн цахим хаягтаа дараах мэдээллийг оруулжээ.

Соёлын салбарт маань өөрсдөө л дарга хийж, ажил албан тушаалтай байх ёстой юм шиг бусдыгаа үгүйсгэдэг, харлуулдаг, гүтгэдэг хүмүүсээс болж миний бие болон надтай хамт ажиллаж байсан сайхан залуучууд маань гүтгэгдсэн. Ингээд Авлигатай тэмцэх газар, яамны хяналт шалгалтын газраар олон сар шалгуулж, байгууллага дээрээ болон салбарын яам, харьяа байгууллагуудын удирдлагууд, ажилтан, албан хаагчдад хамаг муугаараа цоллуулж, хардуулж ирсэн.

Тодруулбал 2025 оны 11 дүгээр сард Авлигатай тэмцэх газарт нэрээ нууцалсан иргэнээс намайг болон надтай хамт Соёл, урлагийн газарт ажиллаж байсан, одоо ч ажиллаж байгаа С.Сувд-Эрдэнэ, Ж.Насанжаргал, М.Түмэнжаргал нарыг 2023-2025 онд зохион байгуулагдсан “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг зохион байгуулахдаа зарим гүйцэтгэгч байгууллагуудад давуу байдал бий болгож, мөнгө төгрөг авч улсыг хохироосон хэмээн гомдол гаргасан байдаг. Тус гомдлын дагуу Авлигатай тэмцэх газарт хариуцсан ажилтан томилогдож, шалгалт явуулж эхэлсэн бөгөөд 2025 оны 11 дүгээр сард ССАЖЗ-ын яаманд албан бичгээр хандаж, салбарын хяналт шалгалтын газрыг холбогдох хуулийн дагуу хяналт шалгалт хийж, хариу танилцуулахыг даалгасан.

Ингээд 2025 оны 12 дугаар сард ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам хяналт шалгалт хийх удирдамж, бүрэлдэхүүн батлан ажиллуулж, хэдэн сарын турш биднээс мэдээлэл авч, холбогдох бүх баримт материалыг хянаж шалгаад 2026 оны 02 дугаар сарын 02-нд ССАЖЗ-ын дэд сайд Г.Дашнямын гарын үсэгтэй, биднийг хууль зөрчөөгүйг тогтоосон тайланг Авлигатай тэмцэх газарт хариу хүргүүлсэн. Тус тайланг АТГ-ын хариуцсан ажилтан, хэлтэс холбогдох хуулийн дагуу хянаж шалгаж, биднээс нэмэлт тайлбар мэдээлэл авч явсаар 2026 оны 04 дүгээр сард буюу өнгөрсөн 7 хоногт гэмт хэрэг, ашиг сонирхлын асуудал тогтоогдсонгүй хэмээн хаагдаж, бид гэм буруугүй болох нь эцэслэн тогтоогдлоо.

Ийнхүү миний бие болон салбартаа чин үнэнчээр зүтгэж, хөдөлмөрлөж, ажиллаж ирсэн сайхан залуучуудыг маань харлуулж, гүтгэж, доромжилж явж ирсэн хүний үнэргүй хэдэн нөхдийн муу санаа, муухай үйл нь энэ хүрээд дууслаа.

Түүнчлэн АТГ-т бидний талаар худал мэдээлэл өгч хяналт шалгалтыг эхлүүлсэн дариудаа тухайн мэдээллээ ашиглаж биднийг гүтгэж, доромжилж, харлуулж ирсэн тус нөхдүүдэд хариуцлага тооцуулахаар АТГ-ын холбогдох ажилтанд хандсан болов ч, нэрээ нууцалж ирүүлсэн өргөдөл, гомдол тул хариу гомдол гаргах нөхцөл, боломж байхгүй хэмээн хүлээж аваагүй ч, бурхан тэднийг харж байгаа гэдэгт итгэл дүүрэн байна гэжээ.

f60f626a8bbb41d09abc36e17fdd3bcd


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна