Америкийн сансрын аялал жуулчлалын “Virgin Galactic” компани хоёр жил завсарласныхаа дараа сансрын арилжааны нислэгийн тасалбарыг хязгаарлагдмал тоогоор дахин борлуулж эхэлжээ. Энэ удаад тус компанийн сансрын хөлгөөр аялах нэг суудлын үнэ 750 мянган ам.долларт хүрсэн нь өмнөхөөс 100 мянган ам.доллароор өссөн байна.
Тус компани ирээдүйн сансрын экспедицүүдэд зориулж цөөн тооны тасалбар гаргаснаа мэдэгдсэн нь аялал жуулчлалын нислэгүүдээ сэргээхээр бэлтгэж буйг илтгэж байна.
Дээрх мэдэгдлийн дараа Virgin Galactic-ийн хувьцаа 22 хувиар өсжээ. Өмнөх оны энэ үед компанийн хувьцааны ханш 30 орчим хувиар буураад байсан юм.
Тус компани "Delta" сансрын онгоцыг шинэчлэн сайжруулах хугацаанд тасалбарын борлуулалтыг түр зогсоогоод байжээ. Уг онгоцоор сансрын арилжааны нислэгүүдийг тогтмол үйлдэхээр төлөвлөж байгаа ажээ.
Тасалбараа борлуулж эхлэх шийдвэр нь тус компанийн улирлын санхүүгийн тайлантай давхцаж байгаа бөгөөд тайлан шинжээчдийн таамгаас сул гарчээ.
2025 оны дөрөвдүгээр улиралд Virgin Galactic-ийн орлого 312 мянга орчим ам.доллар болсон нь таамаглаж байсан 360 мянган ам.доллароос бага байна. Компанийн алдагдал нэг хувьцаанд 0.98 ам.долларт хүрч, 0.82 ам.долларын таамгаас өндөр гарчээ.
Тус компани мөн хоёр дахь "SpaceShip" сансрын онгоцыг энэ оны дөрөвдүгээр улиралд эс бөгөөс 2027 оны эхээр ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн бөгөөд уг онгоцыг ашиглалтад оруулсны дараа нислэгийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна