Иранд хийж буй довтолгоонд оролцож буй АНУ-ын онгоцнуудад Испани улс агаарын орон зайгаа болон цэргийн баазуудаа ашиглуулахгүй гэж мэдэгдлээ. Испанийн батлан хамгаалахын сайд Маргарита Роблес хэлэхдээ, Рота болон Морон дахь баазуудыг Ирантай холбоотой цэргийн ажиллагаанд ашиглуулахгүй гэж хэлсэн байна. Энэ байр сууриа Испани анхнаасаа АНУ-д тодорхой илэрхийлсэн байдаг.
Мөн Испанийн гадаад хэргийн сайд Хосе Мануэль Альбарес "Гол зорилго нь мөргөлдөөнийг улам даамжруулахгүй байх" гэж онцлон тэмдэглэсэн байна.
Цагаан ордны нэгэн албан тушаалтан хариуд нь хэвлэлд мэдээлэхдээ АНУ-д Испанийн тусламж хэрэггүй бөгөөд цэргийн ажиллагааны зорилтуудаа биелүүлж байгаа гэв. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өмнө нь Испанийн энэ байр суурийн улмаас худалдааны хориг тавьж магадгүй гэж анхааруулж байсан.
Испанийн ерөнхий сайд Педро Санчес АНУ болон Израилийн Иранд хийж буй довтолгоог “болчимгүй” бөгөөд “хууль бус” гэж шүүмжилсэн. Улмаар АНУ-тай холбоотой бүх нислэгийн хүсэлтийг, тэр дундаа шатахуун цэнэглэх онгоцнуудыг ч бүрэн татгалзсан гэж мэдэгдэж байна. Үүний улмаас Их Британид байрлаж буй АНУ-ын онгоцнууд Испанийн дээгүүр нисэхээс зайлсхийж, илүү урт замаар нисэх шаардлагатай болж байна. Зөвхөн онцгой байдлын үед л Испани улс АНУ-ын онгоцнуудад агаарын орон зайгаа ашиглуулах эсвэл газардуулахыг зөвшөөрнө.
Санчес Испани улс хууль бус дайнд оролцохыг хүсэхгүй бөгөөд энх тайвныг дэмжинэ гэж мэдэгдсэн. Харин Иран Испанийн хүсэлтээр Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх тээвэрт нь зам нээж өгөх боломжтой гэж мэдэгджээ. Энэ хоолойгоор дэлхийн газрын тосны ойролцоогоор 20 хувь нь дамжин өнгөрдөг бөгөөд сүүлийн үед халдлагын аюулын улмаас нөхцөл байдал тогтворгүй болж, газрын тосны үнэ өсөөд байна
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна