Дэлхийн цахим спортын “Counter strike 2” тоглоомын шилдэг багуудыг нэг дор цуглуулсан “BLAST Open Rotterdam 2026” тэмцээнд Монголын “The MongolZ” баг хүчтэй өрсөлдөж, хэсгийн шатнаас амжилттай шалгаран шигшээ шатанд өрсөлдөхөөр Роттердам хотыг зорилоо. Тэд ийнхүү шилдэг зургаан багийн нэг болж, өнөөдөр “Aurora Gaming”-тай шигшээ шатны шийдвэрлэх тоглолт хийнэ.
“The MongolZ” баг хэсгийн тоглолтуудаа Копенхаген хотод хийж, “В” хэсгээс 3 хожил, 1 хожигдолтойгоор дараагийн шатанд шалгарсан юм.
Хэсгийн эхний тоглолтод “MOUZ” багтай учраа таарч, өмнөх 10 дараалсан хожигдлын цувралаа зогсоон 2-0 буюу Nuke дээр 13:11, Inferno дээр 13:3 харьцаатай ялалт байгуулж хүчтэй эхлэлийг тавьсан. Харин дараагийн тоглолтод “Team Vitality” багт 0-2 буюу Mirage дээр 4:13, Overpass дээр 13:16 харьцаатай хожигдол хүлээснээр доод хүснэгт рүү шилжсэн. Гэсэн ч “Team Liquid” багийг Ancient дээр 16:14, Mirage дээр 13:10, улмаар “Team Spirit” багийг Nuke дээр 13:11, Overpass дээр 13:9-ээр буюу тус хоёр багийг 2-0 харьцаатайгаар буулган авч, хэсгээсээ гуравдугаар байраар шигшээ шатанд шалгарлаа. Ингэснээр The MongolZ баг шигшээ шатны эхний тоглолтоо “А” хэсгийн хоёрдугаар байраар гарсан “Aurora Gaming” багтай хийхээр болсон бөгөөд уг тоглолт өнөөдөр 22:00 цагт эхэлнэ.
Хоёр багийн хамгийн сүүлд “ESL Pro League Season 23” тэмцээнд учраа таарахад Монголын баг 2:0-ээр илүүрхэж байсан нь энэ удаагийн тоглолтын хүлээлтийг улам өндөрсгөж байна. Харин энэ тоглолтын ялагчийг хагас шигшээд “Team Vitality” баг хүлээж байгаа юм. Тэмцээний A, B хэсгийг тэргүүлсэн "Vitality", "NAVI" багууд хагас шигшээд өрсөлдөх эрхээ авсан. "PARIVISION", "Team Falcons" багуудын хожсон нь "NAVI"-тай хагас шигшээд өрсөлдөнө.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна