Илжигнүүд ажиллаж, гахайнууд тэмцэлдсээр…

А.Булганчимэг
2026/03/26

Өдөр бүр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээгээр улс төрийн бүлгэмүүд хоорондоо шинэ, хуучин, АН, МАН гэж зааг үүсгэж, эрх баригчид үнэн худал нь мэдэгдэхгүй хулгайн мэдээллүүд гаргаж, сандал суудлын төлөө тэмцэлцсээр. 

Галчаас Харвард руу суга үсэрсэн Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ “ХЗЯ-ны сайд Б.Энхбаяр саунаас 110 сая ам.доллар тоолж аваад, шар торонд хийгээд гарсан” гээд АТГ-т шалгуулна л гэх юм. Нэг портерын тэвшинд ч багтамгүй 380 тэрбум төгрөгийг шар торонд хийсэн гээд олны элэг доог болов. Энэ дайралтынх нь эсрэг ХЗЯ-ны сайд Б.Энхбаяр иргэдэд зориулж төрийн хэвлэлийн индэрийг хувьд ашиглан, “Бүүр хэлэх ч үг олдохгүй байна” гээд л зогсох юм. Улс төрийн зодооны эд үеэр гэнэт гарч ирээд ШҮГЭЛ Ч ЮМ УУ, ХОВ Ч ЮМ УУ үлээдгээрээ алдартай БЗС-ийн Ажлын албаны дарга асан О.Сийлэгмаа “Б.Энхбаяр сургалтын төлбөрөө хувийн дансандаа авсан” гээд АТГ-д хандсанаа мэдээлэв. Гол нь манай улс авлигын индексээр дандаа сүүл мушгидаг. Одоо 180 орноос 114-р байрт яваа. Яах вэ хааяа хэдэн байраар дээшилдэг ч бусад улс орны үзүүлэлт буурснаар л тохиодог аз. Тэрнээс бодитоор авлига буурсан гэх нотолгоо, тоо баримт, судалгаа огт байхгүй. Иймд хайрцаг дүүрэн бичиг баримт өргөөд нэгнийгээ АТГ-д өглөө гэдэг нь зүгээр л дипломгүй жүжигчдийн хийх ажил болохыг бүгд мэдэж байх шиг. Хажуугаар нь Америк явуулах ардчиллын паспорт гаргасан АН-ын Дарга О.Цогтгэрэл “Ардчилсан намын бүлэг УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөгдөх хүртэл чуулганд орохгүй” гээд гэдийгээд, хөлөө жийгээд чуулгандаа суухгүй юм. Ингээд болоогүй Туулын хурдны замын маргаан бүүр холион бантан. Төслийг эсэргүүцэгчид “Хөгжлөөс хойш татсан оркууд”, дэмжсэн нь “Хөгжлийг урагшлуулах ухаантнууд” гээд хоёр талцаж хэрэлдсээр. Энэ асуудалд Вьетнамчуудын дэмжлэгийг ихэд хүртсэн Хотын дарга Х.Нямбаатар, “Биологийн төрөл зүйлүүд аль хэдийнээ устаж, экологийн сүйрэл болж байгаа газрыг төлбөртэй жүжигчид гэнэт өмөөрлөө” гэх тайлбар хийснээс тоо баримт, судалгаа, эдийн засгийн үр ашгийг огт дурдсангүй. Баримтгүй гүтгэлэг, судалгаагүй төсөл, хов жив л тоочсон хүмүүсийн мэдээллээр сошиал гулгиж байна. Сошиал хүн байсан бол эд нараас сэжиг нь хүрээд бараг л бөөлжих байх.  Ингээд энэ их хөл толгой, гар хүзүү, нуруу бөгс нь ялгагдахгүй улс төрийн хэрүүл дунд иргэд л бүлтэгнээд үлдэж байна. Гэтэл бодит байдал дээр иргэдийн нуруун дээрх ачаа бага багаар нэмэгдсээр. Түлш шатахууны үнэ 300 төгрөг нэмэгдлээ. Энэ дүн дахиад ч нэмэгдэх эрсдэлтэй байна. Учир нь “Ах ч гэл үү, эгч ч” гээд байдаг билүү Оросоос манай улс нийт түлшнийхээ 90 гаруй хувийг авдаг ба Украины дроны цохилтоос болж газрын тосны экспортын хүчин чадлын 40 хувийг зогсоосон гэж гаднынхан мэдээллээ. Түлшнээс гадна үхрийн цул махны үнэ өссөөр нэг килограмм нь 32 мянган төгрөгт хүрч, өслөө. Хаа сайгүй эдийн засгийн хувьд яаж ч хөмөрч, хоосон төмпөн шагайх эрсдэлтэй энэ үед эрх баригчид ясаа булаацалдсан ноход шиг уралдаад үүрэгт ажлаа хийдэггүй ээ.

Өнөөдөр УИХ-ын Чуулган хойшиллоо. УИХ-ын Дарга Н.Учрал өөрийн индэр дээрээс, “Хаврын Их хурлын чуулганы хуралдаанд 126 гишүүнээс 56 нь ирсэн байна. Дэлхийн олон улс эдийн засгийн хувьд хэмнэлтийн горимд шилжээд байна. Харамсалтай нь Хаврын чуулган эхэлснээс хойш 10 өдөрт УИХ нэг ч шийдвэр гаргаж, нэг ч хууль хэлэлцсэнгүй” гээд арга ядсан байдалтай хэлэв. Хөөрхий төрд ар, урдуур хэрүүл тэмцэл хийж, хов хутгадаг нь л ажилтайгаа үлддэг болохоор яамаар ч юм. Уг нь гадаадын банк оруулах, зээлийн хүү бууруулах, бизнес эрхлэгчдэд тулгарсан зөвшөөрөл, хүнд суртлыг арилгах хуулиуд одоо хэлэлцэгдэх ёстой ч ингээд л гацсаар байна. Элгийн улстөрчдийн эмгэнэлтэй энэ явдлуудыг хараад хоосон нь уйлаад, хоолтой нь шоолоод л суухаас өөр аргагүй нь.

Илжигнүүд ажиллаж, гахайнууд тэмцэлдсээр…


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна