Ховдод гарсан түймэрт нэг алба хаагч амиа алджээ

Admin
2026/03/24

Хаврын хуурайшилт эхэлж, салхи шуурга ихэссэнтэй холбоотойгоор ой, хээрийн түймрийн эрсдэл нэмэгдэж байна. Тодруулбал, Сэлэнгэ, Дорнод, Ховд аймагт гуравдугаар сарын 23-ны өдөр ой, хээрийн түймрийн дуудлагууд бүртгэгджээ. Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай багийн Шоргоолж гэх газарт гарсан ойн түймрийн дуудлагыг 13:20 цагт хүлээн авч, Онцгой байдлын байгууллага болон орон нутгийн мэргэжлийн ангийнхан ажилласан байна. Алба хаагчдыг очиход мод бэлтгэлийн 18 хүн, гурван автомашин, хоёр трактортойгоор унтраах ажиллагаа явуулж, өчигдөр 22:26 цагт түймрийг цурамд оруулжээ. Урьдчилсан байдлаар 6 га орчим талбай шатсан байна. Мөн Дорнод аймгийн Баяндун сумын Түргэн нэгдүгээр багийн Баянгол гэх газарт гарсан хээрийн түймрийн дуудлагыг 15:00 цагт хүлээн авч, орон нутгийн мэргэжлийн ангийнхан болон иргэд ажиллаж бүрэн унтраажээ.

Түүнчлэн Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн Дэнж гэх газарт, Дөргөн нуурын аралд зэгс шатаж байна гэсэн дуудлага мөн өдрийн 17:30 цагт иржээ. Тус түймрийг унтраахаар Онцгой байдлын 48 дугаар анги, Дөргөн, Чандмань сумдын мэргэжлийн ангийнхан, цагдаагийн алба хаагчид болон иргэд нийлсэн нийт 95 хүн, 15 автомашинтайгаар ажиллаж байгаа аж. Уг түймрийг унтраах үеэр нэг алба хаагч үүргээ гүйцэтгэж байхдаа амь насаа алдсан байна.

ОБЕГ-ын хэлтсийн дарга Л.Соронзонболд "Он гарснаас хойш Архангай аймаг, Хөвсгөл аймаг, Хэнтий аймаг, Дорнод аймаг, Сэлэнгэ аймаг, Ховд аймагт нийт долоон удаагийн ой, хээрийн түймэр бүртгэгдсэн. Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд гарсан түймрийг бүрэн унтраасан. Ховд аймгийн Дөргөн, Чандмань сумдын заагт гарсан түймрийг унтраахаар алба хаагчид ажиллаж байна. Нийт нутгийн 70 орчим хувь нь цасан бүрхүүлгүй болж, сүүлийн өдрүүдэд дулаарсантай холбоотойгоор хуурайшилт эрс нэмэгдсэн. Зарим бүс нутагт, тухайлбал Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд цастай хэдий ч хөвд, хаг шатах нөхцөл бүрдсэн нь түймрийн тархалтыг нэмэгдүүлсэн. Түймрийн шалтгаан нөхцөл одоогоор тодорхойлогдоогүй. Иргэд, малчдыг ил задгай гал түлэхгүй байх, татсан тамхины ишийг бүрэн унтраах, ой, хээрийн бүсэд зорчихдоо анхаарал болгоомжтой байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна