Нохойн махны дэлгүүрийн ажилчдаас зугтсан долоон нохойны түүх цахим хэрэглэгчдийн сэтгэлийг уярааж байна

А.Булганчимэг
2026/03/24

Нохойн махны дэлгүүрийн ажилчдаас зугтсан долоон нохойны түүх цахим хэрэглэгчдийн сэтгэлийг уярааж байна. Хятадын Жилин мужийн Чанчунь хотын хурдны замд энэ сарын 16-ны өдөр өөр өөр үүлдрийн долоон нохой айсан байдалтай явж байхыг Лу гэх иргэн гар утсаараа бичлэг хийж цахим орчин түгээжээ. Бичлэгт  Голден Ретривер, Лабрадор, Бээжин хав гэх үүлдрийн нохойнууд бэртсэн Герман овчарк нохойг хамгаалж, дундаа хийж, удаанаар тойрог үүсгэн алхах нь харагдана.

Бичлэг хийсэн иргэн Лу хэвлэлд өгсөн ярилцлагад, “Ноход нэгэн зэрэг хөдөлж, багаараа ажиллаж байсан тул тэнэмэл ноходтой адилгүй байсан. Тэд яг л зовлонд нэрвэгдсэн бяцхан ах дүүсийн бүлгэм шиг санагдсан” гэжээ. Иргэн Лу тэр дороо нохдод туслахыг оролдсон ч ноход тоогоогүй байна. Иймд орон нутгийн удирдлагуудад арга хэмжээ авахыг шаардаж, цахим орчинд уриалж эхэлжээ. Ийнхүү цахим орчинд энэ бичлэг эрчээ авахын зэрэгцээ эзэд нь сайн дурынхантай хамтарч алга болсон нохдоо дроноор хайсаар олж авчээ. Эдгээр ноход нэгэн тосгоны гурван эздийн нохой байсан нь тогтоогджээ.

Нохдууд алга болсныг мэдсэн даруйд эзэд нь “Bitter Coffee” нэртэй тэнэмэл нохой аврах төв болон сайн дурынхантай хамтран өргөн хүрээний эрэн хайх ажиллагаа эхлүүлж  гуравдугаар сарын 18-нд долоон нохойг бүгдийг нь эсэн мэнд олсон юм. Ноход 17 км замыг туулсны эцэст гэр ээ олсон ба тэд шавартай, усгүйдсэн байсан ч эзэдтэйгээ уулзмагцаа сэтгэл санаа нь аажмаар тогтворжсон байна. Тэдний эзэд “Өөрсдийн нохойгоо эсэн мэнд олсондоо баяртай байгаа төдийгүй нохдоороо ихэд бахархаж байгаагаа” мэдээлжээ.

Нэгэн сайн дурын ажилтан “Нохойн махны дэлгүүр ажлуулдаг хүмүүс нохдыг хулгайлсан бөгөөд ачааны машины торыг эвдэлж, хамтдаа зугтсан байж магадгүй” гэж мэдээлсэн байна. Хэдийгээр үүнийг харсан гэрч байхгүй ч Хятадын хойд хэсэгт цөөн хэдэн нохойн махан ресторан үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Урт, хүйтэн өвлийн улиралд нохойн мах идэх нь дулаан, тэжээллэг чанарыг өгдөг гэж нутгийн иргэд үздэг байна. Далянь амьтныг хамгаалах холбоодын мэдээлснээр “Нохойн махаар үйлчилдэг ресторан тусгайлан идэх зориулалтаар нохой тэжээх нь өндөр зардалтай. Иймд нохойн махны дэлгүүрүүд ихэвчлэн тэнэмэл, хулгайлагдсан нохойг агнах нь хямд эх үүсвэр болдог” гэж мэдээлжээ. Түүнчлэн Чанчунь, Харбин, Далянь зэрэг хотуудад гэрийн тэжээвэр нохой хулгайлагдсан олон тохиолдол бүртгэгджээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна