УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирын Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төслийн танилцуулгыг сонсов.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас УИХ-д өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл нь иргэдийг ажил хөдөлмөр эрхэлж байх хугацаандаа сайн дурын үндсэнд хуримтлал үүсгэж, ирээдүйд тэтгэвэр хэлбэрээр авах боломжийг бий болгоход чиглэж буй. Өөрөөр хэлбэл, заавал дагаж мөрдөх албадлагын тогтолцоо биш, харин иргэн өөрийн боломжид тулгуурлан сайн дураараа нэмэлт боломж бий болгох явдал юм. Мөн тухайн хуримтлал нь өвлөгддөг байхаар зохицуулж байгаа нь иргэдийн өмчийн баталгааг хангах чухал алхам гэж үзсэн байна.
Бүлгийн гишүүд хувийн тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлэхдээ иргэдийн хуримтлалыг найдвартай хамгаалах, сангийн үйл ажиллагааг ил тод байлгах, үр ашигтай удирдлагын тогтолцоог бүрдүүлэх нь чухал гэдгийг онцлов. Ингээд Хувийн нэмэлт тэтгэврийн тухай анхдагч хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна