БНХАУ-тай хамтран хэрэгжүүлж буй “Ногоон нуур 1008” айлын орон сууцны төсөл хэрэгжиж эхэлсэн. Энэхүү төслийг худалдан авах хүмүүст зориулж шинэ журам батлагдсантай холбоотой “ТОСК” ТӨХХК-ийн Захиргаа удирдлагын газрын дарга Ж.Энхбаатараас мэдээллийг тодрууллаа.
Тэрбээр, “2026 оны гуравдугаар сарын 11-ны өдөр Төрийн өмчит орон сууцыг иргэдэд хөлслүүлэх, өмчлүүлэх, борлуулах журам батлагдсан. Түрээслэхтэй холбоотой есөн бүлгийн иргэд байна. Залуу гэр бүлд 15 хувь, Төрийн тусгай албан хаагчдад 15, багш эмч нарт 20 хувь, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд 10 хувь, ахмад настан 18 хувь, олон хүүхэдтэй гэр бүлд 2 хувь, өрх толгойлсон эцэг эхэд 5 хувь, ХБ иргэдэд 10 хувь, байгалийн гамшигт нэрвэгдэж орон гэргүй болсон иргэдэд 5 хувь гэдэг квот тавьсан.
Үнийн хувьд Улаанбаатар хотод мвк 11880-15840 байхаар үнэ шинэчлэн тогтоосон. Өнөөдрийн байдлаар ТОСК дээр 1520 орчим орон сууц түрээслэх, түрээслээд өмчлөх нөхцөлтэй орон сууц байна. Иргэдийн дунд буруу мэдээлэл гараад байна. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар өгч байгаа “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууц маань зөвхөн дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдэд олгогдоно. “Ногоон нуур 1008 айл”-ын орон сууцын 750 айл нь шууд орон сууцаар газраа сольсон, нөгөөх нь 252 айлыг түр суурьшуулах гэдэг хоёр улсын хооронд гэрээтэй учир өөрчлөлт оруулж болохгүй. Иймд иргэдэд түрээслэх, түрээслээд өмчлөх нөхцөл “Ногоон нуур 1008 айл” төсөлд хэрэгжих боломжгүй. Яг одоогоор сул орон сууц алга байна. Гэхдээ Монгол улс Солонгос улстай байгуулсан хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Солонго 1,2” төсөл хэрэгжиж байна. Буянт-Ухаад байрлах энэ төсөл нийт 5002 айлын орон сууц бөгөөд 2042 айлыг хүлээж авахаар ажиллаж байна. Энэ айлуудыг хүлээн авсны дараа улсын комисс холбогдох бичиг баримт бүрдсэний дараа ойролцоогоор энэ оны наймдугаар сарын дундаас есдүгээр сар хүртэл түрээслэх, түрээслээд өмчлөх нөхцөлтэйгөөр иргэдэд олгоно” гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна