Улаанбаатар хотын баруун захаас зүүн зах хүртэл зургаан эгнээ 32 км урт хурдны замыг барих бүтээн байгуулалтын барилгын ажлыг гуравдугаар сарын 15-нд эхлүүлсэн. Энэхүү Туулын хурдны зам нь Баянзүрхийн товчоо, Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас баруун аймаг руу салдаг Аюулгүйн тойрог хүртэл үргэлжилнэ. Нийт 9.8 км урт төмөрбетон гүүрэн байгууламж, олон түвшний уулзваруудтай, долоон байршилд туннелтэй хурдны авто зам байх аж.
Туулын хурдны зам төслийн нийт төсөвт өртөг 2.3 их наяд төгрөг бөгөөд нийслэлээс санхүүжүүлнэ. Үүнээс нэмэгдсэн өртгийн албан татварт 207 тэрбум төгрөгийг төлнө. Гүүрэн байгууламжийн төсөвт өртөг 1.3 их наяд төгрөг. Авто замын төсөвт өртөг 581 тэрбум төгрөг. Зургаан эгнээ нэг километр хурдны авто замыг 14.7 тэрбум төгрөгөөр барихаар тооцоолжээ.
Тэгвэл зарим иргэд өнгөрсөн амралтын өдрөөс эхэлж “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байна. Судлаач Г.Мөнх-Эрдэнэ энэ төслийг эсэргцүүцэж байгаагаа ингэж тайлбарлалаа.
Тэрбээр, “Хотын дарга Х.Нямбаатар өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотоор дамжин урсаж байгаа хоёр том голыг сүйтгэж устгасан. Сэрүүн сэлбийг сэгэлж, дунд голыг дуусгасан. Иймд туулын хурдны замыг эсэргүүцэж байна. Би бол итгэхгүй байна. Энэ бол хувь хүний сэтгэл хөдлөлтэй холбоогүй. Яагаад гэхээр хотын түгжрэлийг 30 хувь бууруулна гэх тооцооллыг би хайгаад олоогүй “ гэв.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна