Хөвсгөл нуурыг цэвэрлэж, живсэн техник, хэрэгслийг татан гаргав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Монгол орны цэнгэг усны нөөц гол мөрний урсац бүрэлдэх эх болсон экосистемийг тусгай хамгаалалтад авах, байгалийн унаган төрхийг хамгаалах зорилтыг “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгуулсан юм. Төрийн тэргүүнээр сонгогдсоны дараа Хөвсгөл нуурын эко системийг хамгаалах, дэд бүтцийг сайжруулах, нуурын ёроолын аюултай хог хаягдлыг цэвэрлэх, бохирдлыг бууруулах зорилгоор живсэн тээврийн хэрэгслийг илрүүлэх, байршлыг тогтоох, татан гаргах санаачилга гарган, ажлыг нь эхлүүлж байв. 1985 онд Хөвсгөл нуурт живсэн “Сүхбаатар" хөлөг онгоцыг 2021 онд татан гаргасан нь энэхүү ажиллагааны эхлэл болсон юм.
Үүнээс хойш ОБЕГ, ЗХЖШ-ын томилгоот бүрэлдэхүүн, БОУАӨЯ, ШУТИС, ҮБХИС, “Геомастер” компанийн 120 гаруй хүнээс бүрдсэн ажлын хэсэг нуурын 33-171 метрийн гүнээс 11 автомашин, техникийг татан гаргасан. Ингэснээр нийт 50 орчим тн шатахуун, тос, тосолгооны материал, аюултай хог хаягдал нууранд тархаж бохирдохоос сэргийлж чадсан юм. Хэрэв аюултай хог хаягдал асгарсан бол нуурын мандлын 2.53 хувь буюу 70 гаруй хавтгай дөрвөлжин км талбай бохирдож, Эгийн гол, Сэлэнгэ мөрөнг бохирдуулан, улмаар дэлхийн цэнгэг усны 20 хувийг эзлэх Байгаль далайг ч бохирдуулахаар байв.
Загас, жараахай болон усны бичил организмын 50 хувь нь үхэж, Хөвсгөл нуурын экостистемд үлэмж хохирол учруулах эрсдэлтэйг эрдэмтэд тогтоосон. Тус нуур монгол орны цэнгэг усны 75 орчим, дэлхийн цэнгэг усны 0.4 хувийг бүрдүүлдэг, 500 жил зарцуулж байж усаа нэг удаа цэвэршүүлдэг. Мөн манай улсын нийт гол мөрний 10 жилийн урсацтай тэнцэх хэмжээний цэнгэг усыг ай савдаа агуулдаг бөгөөд ой тайгын 25 хувь, нэн ховор амьтан, ургамлын дийлэнх нь энэ нуурыг тойрон оршин амьдардаг.
Хөвсгөл нуурыг цэвэрлэх, живсэн тээврийн хэрэгсэл, техникийг татан гаргах ажиллагаа дөрвөн жил үргэлжилсэн юм.


Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төслийг
хоёр үе шаттай хэрэгжүүлэв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ширгэхдээ тулаад байсан Ганга нуурыг хамгаалах ажлыг 2016 онд Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн нь үр дүнгээ өгч, усны түвшин 2005 оныход хүрээд байна. Өөрөөр хэлбэл, 2020 онд нуурын ус 30-40 см, хамгийн сүүлийн судалгаагаар буюу 2021 оны 4-5 дугаар сард өмнөх оны мөн үеэс 8-12 см-ээр нэмэгдсэн гэсэн дүгнэлт гарчээ.
Төслийн эхний шатанд ажлын зураг төсөл боловсруулж, хагшаас болон Молцог элсний ургамалжилтын судалгааг хийн, бэлчээрийн усан хангамжийн 10, ойжуулах талбайн усалгааны 3 худаг гарган, нуурыг тойруулан хамгаалалтын 15 км гаруй хашаа татаж, 3 га талбайд бичил цэцэрлэгт хүрээлэн, 8 га талбайд ойн зурвас, 2 га талбайд мод үржүүлгийн газар байгуулсан юм. Дараагийн шатанд Ганга нуурыг тэжээгч булгуудыг байгалийн жамаар сэргээж, элсний нүүдэл, шороон шуурганаас хамгаалж нуурын эргийг чулуужуулах, ойн зурвасыг өргөжүүлэх, шувуу харах цамхаг байгуулах зэрэг ажлыг хийсэн юм.
Ийнхүү Ганга нуурыг бохирдолт, ширгэлтээс хамгаалах, урсац сайжруулах төсөл үр дүнгээ өгсөн нь цаашид Хэрлэн мөрөн, Өгий нуур, Туул гол, Буйр нуур, Бумбатын рашаан гээд олон гол нуурыг шат дараатай сэргээх цогц ажлын эхлэл болсон юм. Ингэснээр 2022 оны намраас хойш тус нууранд 5000-7000 гаруй хун шувуу чуулж байна.


Өгий нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах ажил
II шатандаа үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан Өгий нуурыг бохирдол ширгэлтээс хамгаалах цогц ажлын II шатандаа амжилттай үргэлжилж байна. Уг нуурын цорын ганц тэжээл болох Хөгшин Орхон голыг уртын дагуу бүрэн хяналт тавьж, голын усыг дураараа зөвшөөрөлгүй салаалж урсгадгийг зогсоон Хөгшин Орхон хол Өгий нуурт цутгаж буй хэсэг болон Өгий нуураас гарч буй Хоолон голын хэсгийг хамгаалалтад авч, нийт 10 км урт хашаалж, машин техник, хүн малын хөлөөр үүсэх бохирдол, эрсдэлээс хамгаалав.
Эдгээр ажлын үр дүнд Хөгшин Орхон голын урсацыг бууруулж байсан саадыг арилгаж, улмаар нуурт цутгах усны хэмжээ нэмэгдэж, Өгий нуураас гарч Орхон голд цутгах Хоолойн голын урсац нэмэгдэн тогтворжжээ. Түүнчлэн хашаалсаны үр дүнд ургамлын бүрхэвч эрс нэмэгдэж, шувуудын амьдрах орчин эрс сайжирч, нуурын баруун эрэг бохирдлоос хамгаалагдсан байна. Ийнхүү Ганга нуурыг сэргээх ажлын үеэс жишиг болж эхэлсэн механик хамгаалалтын арга буюу хашаалах байдлаар нуурын эрэг орчмын газар байгалийн жамаар сэргэх нөхцөлийг бий болгон, нуурыг сэргээх арга нь олон улсад Монголын сайн туршлага болон амжилттай хэрэгжиж байна.
Үүний зэрэгцээ нуурын баруун талын загас жараахай, усны шувуудын амьдрах орчныг хамгаалах зорилгоор Хойд мэргэн шанааг Урд мэргэн шанаатай холбосон хөвүүр хийж, аялал жуулчлалын бүсийг хамгаалалтын бүсээс заагласнаар загасны тоо толгой нэмэгдэж, ховор шувуудын үржил тэмдэглэгдэж, нуурын хамгийн эмзэг хэсэг болох Хөгшин Орхон голын дельта, Хоолойн голын эхийг бүрэн хамгаалах боломжтой болов.


Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай
хөв цөөрөм байгуулна
Сонгинохайрхан дүүргийн Толгойтын баруун салаанд орших Бумбатын рашааны эргэн тойрныг тохижуулах, хашааг шинэчлэх санаачилга ажил хэрэг болж байна. Энэ хүрээнд тус дүүргийн ЗДТГ-ын захиалга, Голомт банкны санхүүжилтээр “Нэг сум-Нэг нуур” хөтөлбөрийн хүрээнд Баруун салааны голын ай сав, Бумбатын рашаан, булгийн усыг хуримтлуулах 16.9 мянган м³ багтаамжтай хөв цөөрөм байгуулахаар тогтсон.
Бэлтгэл ажил энэ оны хоёрдугаар сараас эхэлж, барилга угсралты зургаадугаар сарын 30-нд дуусгахаар төлөвлөөд буй. Хөв цөөрөм ашиглалтад орсноор үер, ган, халиа дошины эрсдэл буурч, гадаргын усан хангамж нэмэгдэхийн зэрэгцээ 3191 өрхийн 9810 иргэнийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, агаарын чийгшил нэмэгдэж, тоосжилт буурах зэрэг байгаль орчин, нийгмийн бодит үр нөлөө бий болно. Төслийн зохицуулагчаар Усны газар, гүйцэтгэгчээр “Престиж инженеринг” ХХК тус тус ажиллаж байна.



Эх сурвалж:Монцамэ
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна