Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/1172 дугаартай “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар авах арга хэмжээний тухай” тушаалыг хүчингүй болголоо.
Тодруулбал, хаяж, үрэгдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг дахин авахад тухай бүр хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарснаар улсын бүртгэл хөтлөх процесс нь ихээхэн хугацаа шаарддаг байсан.
2020 оноос хойш иргэн, хуулийн этгээдэд 12,033 удаагийн үрэгдүүлсэн гэрчилгээг дахин олгох үйлчилгээ үзүүлсэн. Энэ нь 12,033 удаагийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарч байсан гэсэн үг. Цаашид хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийг хүлээж хугацаа алдахгүй боллоо.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд хүчингүйд тооцох асуудлыг зохицуулж байсан дээрх тушаалыг холбогдох хууль, журамд нийцүүлэн хүчингүй болгож, улсын ерөнхий байцаагчийн байнгын шинжтэй дүгнэлт гаргалаа.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хаяж, үрэгдүүлсэн тохиолдолд улсын ерөнхий байцаагчийн байнгын шинжтэй нэг удаагийн дүгнэлтийг үндэслэх юм.
Иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг илүү шуурхай, хүртээмжтэй болгох зорилгоор гэрчилгээ үрэгдүүлсэн тохиолдолд гэрчилгээг дахин олгох хугацааг богиносгохоор холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах саналыг боловсруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна