Сонгуулийн ерөнхий хорооноос өнөөдөр /2026.3.18/ аймаг, нийслэл, сум болон дүүргийн иргэдийн Төлөөлөгчдын Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн товыг танилцууллаа. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны 2 дугаар тогтоолоор баталсан “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь”-т зааснаар орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг тухайн шатны Хурал 2026 оны гуравдугаар сарын 16-ны өдрөөс өмнө товложээ.
Тухайлбал, хуульд заасан хугацаанд 16 аймгийн 43 сумын нийт 73 сонгуулийн хэсэгт нөхөн сонгууль явуулахаар товлон зарласан тогтоолыг Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлжээ.
2026 онд таван аймгийн есөн сумын 29 хэсэгт аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 мандатад нөхөн сонгууль, 15 аймгийн 33 сумын 44 хэсэгт сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 39 мандатад нөхөн сонгууль зохион байгуулахаар болов.
Мөн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч нас барсан, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан, шүүхийн шийдвэр гарсан, тухайн орон нутгаас шилжсэн, төрийн жинхэнэ албан тушаалд томилогдсон, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд заасан үндэслэлээр төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон тухай шийдвэр хүчингүй болсон зэрэг үндэслэлээр Хурлын Төлөөлөгчийн орон гарсан суудлыг нөхөх зорилгоор нөхөн сонгууль болдог.

Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна