Зэс эрдэнийн хувь" компанийн хувьцаа эзэмшигчид Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны гадаа жагсаж, сайд Э.Бат-Амгаланг огцрохыг шаардаад 2 шөнө,3 өдөр болж буй. Тэгвэл жагсагчид өнөөдрөөс өлсгөлөн зарлажээ
Хэргийг эргэн сануулахад
“Зэс эрдэнийн хувь” ХК-ийн хувьцаа эзэмшигчид болон ажилчдын төлөөлөл уржигдар буюу 2026 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгаланг огцрохыг шаардаж, яамных нь гадна жагсаал зохион байгуулсан юм. Жагсагчид тус компанийн хөрөнгө оруулалт хариуцсан захирлаар ажиллаж байсан, сайд Э.Бат-Амгалангийн төрсөн дүү Э.Батбаярыг их хэмжээний мөнгө шамшигдуулсан хэрэгт буруутгаж байгаа юм.
Тодруулбал Э.Батбаяр нь тус компаниас 30 орчим тэрбум төгрөгийг НӨАТ-ын зөрүү болон бусад зардлаар халхавчлан шамшигдуулсан бөгөөд нийт хохирлын хэмжээ 70 орчим тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд энэхүү асуудлаар Авлигатай тэмцэх газарт (АТГ) хандсан боловч өнөөдрийг хүртэл тодорхой хариу ирээгүй байгаа нь улс төрийн нөлөө орсон гэж үзэхэд хүргэж буйгаа илэрхийлсэн.
Жагсаалд оролцож буй ажилчдын төлөөлөл үйлдвэр хэвийн ажиллах боломжгүй болсноос цалин хөлсөө цагт нь авч чадахгүй, банкны өр зээлэнд орж байгаагаа гомдоллов. Тэд Э.Батбаярыг хууль хяналтын байгууллагаар шударгаар шалгуулах боломжийг олгох, мөн ёс зүйн хариуцлага хүлээж Э.Бат-Амгалан сайдыг албан тушаалаасаа огцрохыг шаардлаа.
Хувьцаа эзэмшигчид өөрсдийн шаардлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон УИХ-ын даргад албан ёсоор хүргүүлж байгаа бөгөөд хэрэв асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлахаа мэдэгдэж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна