Нийслэл хотод шинээр баригдах болон засварт орох авто замууд

Admin
2026/03/06

Улаанбаатар хотод энэ онд шинээр 52 километр авто замыг шинээр нийслэлийн төсвийн хөрөнгөөр барихаар болжээ. Энэ тухай Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын дарга Б.Одбаяр өчигдөр дараах мэдээллийг өгсөн юм.

"Энэ жил есөн дүүргийн авто замын арчлалтын ажлыг дөрөвдүгээр сарын 1-нээс эхлүүлнэ.

Авто замыг шинэчлэн засварлах бэлтгэлийг дөрөвдүгээр сарын 1-нээс хангаж, тавдугаар сарын 15-наас долоодугаар сарын 1-нийг хүртэл засварлана.

Энэ зун 52 километр авто замыг шинээр барина. Тухайлбал

  • Туулын хурдны замыг барих бэлтгэл ажлын хүрээнд гуравдугаар сарын 15-наас түр замын барилга угсралт, дам нуруу цутгах ажил эхлэх бол газар гэсэхээр буюу дөрөвдүгээр сарын 1-нээс хөрс хуулалтын ажил эхэлнэ. Барилга угсралтын ажлын хувьд эхний ээлжид Сонсголонгийн гүүрнээс баруун тийш таван километр авто замын, нийт трассын дагуух түр замын ажлууд баруун, зүүн талаас зэрэг эхэлнэ. Түгээмэл тархацтай орд ашиглах зөвшөөрөл одоо гарч байна. Ажилчдын кэмпийг барих ажил бүрэн шийдэгдсэн. Туулын хурдны замын барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл 90 гаруй хувьд хүрсэн.
     
  • Эмээлт эко паркийн хажуугаар баригдах дөрвөн эгнээтэй 12.5 километр авто замыг барина. Иргэдийн хэлж заншсанаар карьерийн буюу Өлзийт хорооллоос Сонгинохайрхан уулын баруун талаар Эмээлт хүртэл 12.5 километр урт авто зам тавих юм.

Таван байршлын авто замыг засварлана.

  1. Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх зургаан эгнээ, 3.5 километр урт авто зам
  2. Дамбадаржаагийн эцсээс Бэлх хүртэлх 4.6 километр урт авто зам
  3. Санзайн 1.7 километр авто зам
  4. Сэлх
  5. Монелийн авто замыг засварлана.

Бэлх, Сэлхийн авто замыг засварлах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан.

Удахгүй Энхтайвны өргөн чөлөө дэх Саппорогийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх болон Монелийн авто замыг засварлах тендерийг зарлахаар бэлтгэж байна.

ТЭЦ-4-ийн дулаан таслалтын хуваарьтай уялдуулж Эрчим хүчний гудамжны авто замыг дөрвөн эгнээ болгож өргөсгөх ажлыг тавдугаар сарын 15-наас гүйцэтгэнэ. Тус гудамжны бусад байршлын авто замыг дөрвөн эгнээ болгож өргөсгөх ажил дууссан, энэ жил 1.2 километр авто замын гэрэлтүүлэг, явган хүний замыг наймдугаар сарын 1-нээс өмнө тавьж дуусгахаар төлөвлөсөн.

Дэлхийн банкны санхүүжилтээр зургаан төсөл арга хэмжээ хэрэгжүүлнэ. Тодруулбал

  • Өнөр хорооллын арын дөрвөн эгнээ авто зам нь дугуйн зам болон явган хүний эрчим ихтэй байршлуудад гүүрэн байгууламжтай байх юм. Энэ жил уг авто замыг барьж дуусгана. 
     
  • Геологийн төв лабораториос Баянхошууны Жанцангийн уулзвар хүртэлх 100 гаруй километр авто замын засвар, шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэнэ" гэв.

2024-2025 онд буюу нэг жилийн хугацаанд нийслэл хотын 86 байршлын 233 километр авто замыг шинэчилсэн. Өнгөрсөн оны авто зам засварын ажил дөрөвдүгээр сарын 1-нээс наймдугаар сарын 29-нийг хүртэл үргэлжилж 42 байршлын авто замыг засварлажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна