“Харилцах дансаар орсон орлого бүрээс татвар авна” гэх мэдээлэл өчигдрөөс эхлэн цахим орчинд түгж, олны анхаарлыг татаж байна. Энэхүү мэдээллийг Татварын ерөнхий газраас тодрууллаа.
-Иргэдийн дунд харилцах дансаар орсон орлого бүрээс татвар төлнө гэх мэдээлэл гарч байна. Энэ үндэслэлтэй юу?
-Харилцах дансаар орсон орлого бүрээс татвар авна гэдэг үндэслэлгүй худал мэдээлэл. Зөвхөн үйл ажиллагаа эрхэлдэг хүний орлого л орлого гэж нотлогдоно. Хувийн хэрэгцээнд ашигласан мөнгийг орлого гэхгүй. Үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн бүр төлбөрийн баримтыг заавал гаргах ёстой.
-Тэгвэл татварын хяналт цахимжиж, илүү боловсронгуй болж байгаа гэх мэдээлэл байна? Энэ нь худалдаа эрхлэгчид, иргэдэд хэрхэн нөлөөтэй вэ?
-Тийм. Одоо татварын хяналтын цахимжилт, ухаалаг системийг хийж байгаа. Ингэснээр банкны гүйлгээ, онлайн худалдаа, төлбөрийн мэдээллийг уялдуулан шалгах боломж нэмэгдсэн. Иймээс бизнесийн шинжтэй, орлого, зарлагыг бүртгэлгүй орхих, И-баримт олгохгүй байх нь илэрвэл нөхөн татвар, торгууль, алданги тооцох боломжтой болсон.
- Онлайн шоп, онлайн шоп, лайв худалдаа эрхлэгчид, үсчин, гоо сайханчид, цайны газрууд гэх мэт хувийн бизнес эрхэлдэг хүмүүс татвар аа заавал төлөх шаардлагатай болж байна уу? Зарим бизнес эрхлэгчид үйлчлүүлэгчид хоорондоо харилцан тохироод И-баримт авахгүй байж болоод байдаг шүү дээ?
- Ямар нэг хүнд бараа зараад баримт олгоогүй тохиолдолд энэ өөрөө зөрчлийн тухай хуулиар зөрчил болоод явдаг. Үүнээс шалтгаалж эрсдэл үүсэх боломжтой. Тухайлбал бараа захиалж зарвал, гаалийн бүрдүүлэлтээрээ каргоноос и-Баримт бүртгүүлээд дараа нь зарсан бараа бүхнээ бүртгэх хэрэгтэй. Тэгээд орлого зарлагын харьцаанаас үлдсэн цэвэр ашгаас татвар авна гэсэн үг. Өдөр тутамд хүнсний дэлгүүрт ороод баримт авдаг шиг эдгээр газруудыг баримт олгох шаардлагатай. Хэрэв татварын эрсдэлд орсон байгаад хяналт шалгалт орвол дансны хуулгыг нь шалгах нь илүү боловсронгуй болж цахимжаад явж байгаа.
Ялангуяа дараах чиглэлээр ажиллаж буй хүмүүс анхаарах шаардлагатай. • Онлайн шоп, лайв худалдаа эрхлэгчид • Сургалтын төв, багш нар • Үсчин, гоо сайханчид • Лангуу, жижиглэн худалдаа эрхлэгчид • Зах, худалдааны төвийн түрээслэгчид, 100 айлынхан, дүнжингарав гм бусад • Хувийн эмнэлэг, үйлчилгээ эрхлэгчид • Авто зогсоол, үйлчилгээний цэгүүд • Цайны газар, кофе шоп, хоол үйлдвэрлэл
Хувийн данс ашигласан ч орлого бол орлого хэвээр. Иймээс орлогоо бүртгэх, И-баримт олгох, татвараа зөв тайлагнах гэсэн энгийн алхмууд нь ирээдүйд торгууль, эрсдэлээс хамгаална.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна