Иргэн З.Баяндаваа:АН 2 сая гаруй иргэдийн мэдээллийг хаанаас хэрхэн авсан бэ гэдгийг тогтоолгохоор холбогдох байгууллагуудад гомдол гаргалаа

Admin
2026/03/04

АН-ын гишүүнчлэлийн бүртгэлгүй байхад иргэдийн бүх хувийн мэдээлэл намын мэдээллийн санд байна. Энэ нь хүний эрхийн ноцтой зөрчил гэсэн шүүмжлэлийг иргэд хэлж буй. Уг асуудлаар иргэн З.Баяндаваа Хүний эрхийн үндэсний комисст /ХЭҮК/ гомдол гаргав

 З.Баяндаваа :“Хүний хувийн нууц, хувь хүний мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой асуудалд анхаарлаа хандуулах цаг болжээ. Учир нь компаниуд вэб сайтаар дамжуулан хүний хувийн мэдээллийг авдаг. Үүнийгээ хадгалж чадахгүй алдаж байна. Тухайлбал, саяхан нэгэн хувийн эмнэлэг үйлчлүүлэгчдийнхээ хувийн мэдээллийг алдсан. Хоёрдугаарт, АН-ын зүгээс гишүүддээ зориулсан AN.mn вэб сайтыг хөгжүүлэх явцдаа сонгуулийн насны 2 сая гаруй иргэний мэдээллийг байршуулсан. Мэдээж гишүүддээ зориулсан вэб сайт хөгжүүлж болно. Гэхдээ дурын иргэн регистрийн дугаар хийхэд хувийн мэдээлэл гарч ирэх байдлаар оруулж болохгүй. Эндээс тухайн иргэдийн хувийн мэдээллийг хаанаас олж авсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. АН-ын эрх бүхий албан тушаалтнууд уг асуудлаа юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр  “Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 20.15-т заасны дагуу сонгогчийн мэдээллийг холбогдох журмын хүрээнд олж авсан, хууль зөрчөөгүй” гэх тайлбар өгсөн. Гэтэл Улсын бүртгэл ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газрын дарга нарын хамтарсан сонгуулийн тухай хуулийг дагасан журам бий. Үүний дагуу дөрвөн асуудал хөндөгдөнө. Нэгдүгээрт, сонгогчдын нэрсийн жагсаалтыг танилцуулахад регистрийн дугаар өгдөггүй. Харин сонгогчийн овог нэр, гэрийн хаяг, иргэний бүртгэлийн дугаар зэрэг мэдээллийг намд олгохдоо нууцын гэрээ байгуулж өгдөг. Гэтэл регистрийн дугаар гарч ирж байгаа нь асуудал дагуулж байгаа юм. Энэ мэдээллийг сонгууль дууссанаас хойш гурав хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад буцаан өгдөг. Гэтэл АН-ын мэдээллээс энэ мэдээллийг буцааж өгөөгүй байна гэдэг нь харагдаж байгаа юм. Үүнээс үүдэж иргэдийн мэдээллийг хугацаанд нь устгасан эсэх, өөр зорилгоор ашигласан эсэх талаар иргэд эргэлзэж буйгаа илэрхийлж байна. Намын зүгээс “эмзэг мэдээлэл задруулаагүй” хэмээн мэдэгдсэн боловч хуульд заасан эмзэг мэдээлэл гэх ойлголтод генетик, биохимийн мэдээлэл, эрүүл мэндийн байдал, угсаа гарвал, шашин шүтлэг, хүйсийн чиг баримжаа зэрэг хүний онцлогтой холбоотой өгөгдөл хамаардаг. Мөн цахим орчинд Монгол Улсын нэг сая гаруй иргэний мэдээлэл  650 ам.доллараар  зарагдаж байна гэх мэдээлэл түгсэн нь олон нийтийн түгшүүрийг нэмэгдүүлж байна. Тиймээс 2 сая гаруй иргэний хувийн мэдээллийг хаанаас авсан гэдгийг тогтоолгох шаардлагатай гэж үзэ байна. Энэ мэдээллээ задруулсан нь ямар хуулийг зөрчиж байгааг холбогдох байгууллагууд тогтоох ёстойн. Дээрээс нь үнэхээр иргэдийн мэдээлэл олон улсын хар зах дээр зарагдаж байгаа эсэхийг хянах хэрэгтэй гэж үзэж байгаа учраас Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яаманд тус тус гомдол гаргаж байна” гэлээ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна