-Үндэсний агаарын тээвэрлэгч “МИАТ” ТӨХК Бахрейны Хаант Улсын “Gulf Air” компанитай “Агаарын хөлгийн холимог түрээсийн гэрээ” байгуулсан. Энэ дагуу өөрийн эзэмшлийн Боинг 787-9 агаарын хөлгийг нисэх бүрэлдэхүүний хамт тус улсад ажиллуулж байна.
Өчигдөр буюу 2026.02.28-ны өдрийн 15:00 цаг /УБ-ын цагаар/-ийн орчимд эхэлсэн Иран Улс болон Персийн буланд өрнөж буй АНУ-ын цэргийн тусгай ажиллагаатай холбоотой Бахрейны Хаант Улсын “Gulf Air” компанид түрээсийн гэрээгээр ажиллаж байгаа нисэх бүрэлдэхүүний болон агаарын хөлгийн аюулгүй байдлыг хангах, холбогдох байгууллагуудтай мэдээ, мэдээлэл солилцох зорилгоор “МИАТ” ТӨХК дээр шуурхай штаб байгуулж 24 цагаар ажиллуулж байна.
Ингэснээр өчигдөр /2026.02.28/ Улаанбаатарын цагаар 18:15 цагт Бахрейны Хаант Улсын Манама хотод байгаа 14 ажилтнаа аюулгүйн бүс рүү шилжүүлэх ажлыг Монгол Улсын Гадаад харилцааны яам, “Gulf Air” компанитай хамтран зохион байгууллаа. Мөн Филиппин Улсын Манила хотоос Бахрейн рүү нислэг үйлдэхээр ажиллаж байсан манай компанийн агаарын хөлөг болон нисэх багийн 14 ажилтан бий. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан тэдний амь нас, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавьж, тухайн нислэгийг цуцлав. “МИАТ” ТӨХК-ийн бусад чиглэлийн нислэг үйлдвэрлэлийн өдөр тутмын үндсэн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор Бахрейнд томилогдон ажиллаж буй ажилтнуудынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс холбогдох төрийн байгууллагуудтай нягт уялдаа холбоотой, шуурхай ажиллаж байна гэжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна