“Цагаан сарын баярын дараа зун хүртэл ахмадууд хүнсний дэлгүүрээс зээл авах нь ихэсдэг” гэв

А.Булганчимэг
2026/03/02

Цагаан сарын зардалд ойролцоогоор нэг өрх 2-3 төгрөгийг ширээ засах, хоол, унд, хүнсэнд зарцуулдаг гэх судалгаа бий. Иймээс дундаж болон түүнээс доогуур орлоготой өрхүүдэд баярын дараахан санхүүгийн хувьд туйлддаг нь зах худалдааны төв, дэлгүүрүүдийн орлого хэсэгтээ багассанаас илт мэдэгддэг. Энэ жишгээр захын хорооллын хүнсний дэлгүүрүүдийн ачаалал огцом багассан ч эсрэгээрээ өрийн дэвтэр дэх ахмад настнуудын тоо нэмэгджээ.

Толгойтын Цэнхэр дэлгүүрт байрлах хүнсний дэлгүүрийн эзэн Б.Энхцэцэг: Ойролцоогоор манай дэлгүүрт 40 орчим хүн 3 сая гаруй төгрөгийн бараа бүтээгдэхүүний зээл тавьсан. Одоо өрийн дэвтрийг харвал маш их хуудастай байгаа биз. Эдгээр зээл авсан хүмүүсийн ихэнх нь тэтгэвэр авдаг ахмад настнууд байдаг. Ахмадуудад зээл өгөхгүй байх хэцүү. Тэд тэтгэврийн мөнгө нь хүрэлцдэггүй гэж дандаа ярьдаг. Аргагүй хэн 600 мянган төгрөгөөр бүтэн сар амьдрах вэ дээ. Тэтгэврийнх нь тал нь эмд тал нь дэлгүүрээс зээлсэн мөнгө өө өгөөд дуусдаг. Ёс уламжлалаа даган цагаан сарын баяраа чадлынхаа хэрээр элбэг дэлбэг тэмдэглэх гэж зарим ахмадууд тэтгэврийн зээл авдаг. Үүнээс шалтгаалж баярын дараа зургаадугаар сар хүртэл өндөр настнууд хүнсний дэлгүүрээс зээл авах нь ихэсдэг.

Ахмадууд 2025 оны наймдугаар сараас эхэлж хэд хэдэн удаа тэтгэврээ нэмүүлэхийг шаардаж, хэвлэлийн хурал хийж, засгийн газрын гаднын тайван суулт хийсэн. Үүний дараа Засгийн газар шинэ жилийн босгон дээр тэтгэврийн доод хэмжээ 572.400 төгрөг, бүрэн тэтгэвэр 689 мянган төгрөг байсныг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн. Уг нь ахмадууд тэтгэврээ доод тал нь 1 сая болгохыг хэд хэдэн удаа шаардаж байв. Мэдээж энэхүү тэтгэврийн нэмэгдэлд ахмадууд сэтгэл ханамжгүй байсан бөгөөд тэд халаглахаас өөрийг хийж чадаагүй юм. 

Өнөөдөр захын гэр хорооллын иргэдийн нөхцөл байдал ялангуяа ахмадуудын санхүүгийн чадамж эм бэлдмэлээсээ давахгүй хэмжээнд байгааг дээрхээс ажиглаж болно. Гэтэл 600 орчим мянган төгрөгийн тэтгэвэр авдаг ахмадуудын ач зээ, үр хүүхдүүд нь цалингийнхаа гуравны нэгийг буюу багагүй хувийг татварт төлж байгаа нь харамсалтай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна