СУРВАЛЖИЛГА: Жилийн засал аа хийлгэж, ном оо уншуулах гэсэн иргэд Ганданд 1-2 цаг дугаарлаж байна

А.Булганчимэг
2026/02/26

Цагаан сарын баяр дуусаж иргэд шинийн 15-нд багтаж жилийнхээ засал номыг хийлгэхийг зорьдог. Бид шинийн 8-ны өдөр Гандантэгчэнлин хийдийн нөхцөл байдал болон засал номын үнийг мэдээлэхээр сурвалжиллаа.

 Хийд рүү хөтлөх Өндөр Гэгээн Занабазарын гудамд автомашины түгжрээ үүссэнээс Гандан олны хөлд дарагдсан болохыг анзаарч болно. Машины урт цуваанаас арай гэж ангижирч Гандантэгчэнлин хийд рүү ороход бужигнасан олон сүсэгтнүүд биднийг угтлаа. Ганданд төлбөр тооцоо хийх найман хүн касс, урд талд нь өөртөө үйлчлэх бүхий цахим дэлгэж хоёр ширхэг байв. Өөртөө үйлчлэх дэлгэцэд ихэвчлэн залуус үйлчлүүлж, ном оо бичүүлж байсан бол хүн үйлчилдэг кассад ахмадууд дугаарлан зогсоно. Гол нь аль аль кассад тоолж боломгүй их хүн дугаарлана. Дугаарлан хүлээж буй сүсэгтнүүдээс мэдээлэл авах зорилготой дөхлөө.

Иргэн С.Бат-Отгон: Би жил бүр төв Ганданд ном уншуулж, жилийнхээ засал номыг хийлгэдэг. Жил бүрийн энэ үеэр ачаалал их байдаг. Өнөөдөр нэлээн ачаалалтай байна. Энд касс дээр цаг орчим дугаарлаад төлбөрөө төлчхөөд цааш лам дээрээ оочирлож байх шиг байна. Би бол касс дээр цаг гаран хүлээж байна. Лам дээрээ очоод хэр удаан хүлээхийг мэдэхгүй.

Иргэн Б.Дүдаариймаа: Би жил бүрийн цагаан сарын баярын дараа шинийн 8-эд багтаж засал ном оо хийлгэдэг. Багаасаа ээж аав нар минь ингэдэг байсан учир хамаатнуудтайгаа ирж ингэж засал аа хийлгэдэг. Шинийн 8-ны дотор засал аа хийлгэх нь буян, ном олон дахин арвиждаг гэж сүсэглэдэг.

Иргэн Х.Баяржаргал: Би шинийн 15-нд багтаж жил бүр ном оо уншуулдаг. Өнөөдөр Ганданд олон сүсэгтнүүд хуран цугларч номын дуу сонсож, бужигнаж байна. Олноороо номын дуунд баясан цэнгэж байгааг харах таатай байна. Манайх жил бүр Алтан ганжуур ном уншуулдаг юм. Энэ жил үнэ нь 2000 төгрөгөөр нэмэгдэж 22000 төгрөг болжээ. Ер нь жилд гэр бүлийн засал ном оо хийлгэхдээ ойролцоогоор 50-100 мянган төгрөг зарцуулдаг. Энэ жил 70 гаруй мянган төгрөг боллоо. Заслаа хийлгэхээр сэтгэл санаа дагаад их сайхан болдог.

Жил бүрийн цагаан сарын баярын дараа Гандантэгчилэн хийд сүсэгтэн олны хөлд дарагддаг нь “Шинийн нэгнээс 15-ны хооронд хийсэн буян олон дахин арвижна” гэдэг бэлгэшээлээс үүдэлтэй. Угтаа бол шашны номд заавал шинийн 15-нд багтааж засал хийлгэх ёстой гэж тусгаагүй бөгөөд бүтэн жилийн турш засал, ном оо хийлгэх хэрэгтэй тухай Гандантэгчэнлин хийдийн зурхайч Ч.Очирбат хэлж байв.

 Ганданд 458 төрлийн айлтгалын номыг 1000-51000 төгрөгийн тарифтай уншиж байна. Өнгөрсөн жил тус хийдийн зарим номууд 1000-3000 төгрөгөөр нэмэгдсэн. Тухайлбал, Алтан Ганжуур ном 20000-22 мянган төгрөг болсон юм. Энэ жил гэр бүлийн гишүүдийн тооноос хамаарч засал номыг 50-100 гаруй мянган төгрөгийн үнэтэй хийлгэж байна гэж сүсэгтэн олон мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна